• 05 сарын 19, Ням гараг
ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСИЙН АЖИЛ ИРЭХ ОНД ЭХЭЛЖ 1600 ОРЧИМ ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ
61 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын Дуурсах -3, Угалз -4, Цагаан чулуут-5 багийн Иргэдийн нийтийн хурал энэ амралтын өдрөөр боллоо.

Уг хуралд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл, сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар, Сумын орлогч дарга Б.Наранбаяр, Хот тохижилт ОНӨГ-ын дарга Г.Цэдэндамбаа, багуудын Засаг дарга, ИНХ-ын дарга нар болон холбогдох газрын мэргэжилтнүүд оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсч, хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байна.

Баянхонгор сум нь Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт сумаар хиллэсэн Засаг захиргааны есөн багтай. Аймгийн нийт хүм амын 40 гаруй хувь нь буюу 9600 өрхийн дөчин мянга орчим иргэд амьдардаг томоохон бүс юм.

Энэхүү томоохон бүсийн 9 талбарт ажиллаж амьдарч буй иргэдийнхээ дуу хоолойг сонсоно гэдэг удирдлага хүний үүрэг. Үүргээ ч өнөөдөр аймаг сумын удирдлагууд сайтар биелүүллээ. Тэд оролцсоноороо багийн ард иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг судлан мэдэж, зарим асуудлыг газар дээр нь тодорхой шийдвэрлэснээрээ тус багуудын ИНХ онцлог болж байна.

Хурлын үеэр Засаг дарга Г.Батжаргал аймгийн ИТХ, Засаг дарга түүний тамгын газраас хийж хэрэгжүүлж буй ажил, хийхээр зорьж буй бодлого хөтөлбөр, ажил арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл хийлээ.

Ирэх онд 96 тэрбум төгрөгийн төсөв бүхий 100 гаруй ажил арга хэмжээ Баянхонгор аймагт хийгдэнэ. Ингэхдээ бүтээн байгуулалт, дэд бүтэц,  эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, тусгай төсөл хөтөлбөр, иргэдийг ажил орлогтой болгох тал дээр дэмжсэн  бодлогын шинж чанартай томоохон ажлууд тусгаснаа Засаг дарга ярианы эхэндээ онцлон тэмдэглэв.

Тухайлбал 2019 онд шинэ суурьшлын бүсийн ажлыг эхлүүлнэ.  Газраа өмчлүүлж, гэрэлтүүлэгтэй болгох, цэцэрлэг сургууль барих гээд олон ажлыг ар араас нь төлөвлөөд байгаа юм байна. Урьд нь газар өмчилж авч байгаагүй зэрэг шалгууртайгаар 1600 орчим иргэнд Нисэхээс урагш байрлах “Шинэ суурьшлын бүсэд” газар өмчлүүлэх бол 5-р багт 160 айлын “Залуучууд” хороололыг байгуулан хуулийн дагуу 0,7 га газрыг өмчлүүлэх зэргээр нийт 1800 орчим иргэнд бодитоор газар өмчлүүлэх ажил хийгдэх юм байна.

Мөн зорилтот бүлгийн залуу гэр бүлүүдэд чиглэсэн 240 өрхийг хамруулсан тариалалтын төсөл хэрэгжүүлэхээр зорьжээ. Эдгээр 240 өрхөд Бумбатад газар олгон орчин үеийн шаардлага хангасан дулаан хүлэмжийг байгуулж өгнө. Өрхүүд тэндээ тариа ногоогоон тариалан өрхийн амжиргаагаа дээшлүүлэх боломжоор залуучуудыг хангах юм байна.

Утааг бууруулах зорилгоор ирэх онд 4-р багийн дулааны шугам сүлжээний эхний ажлын санхүүжилт 700 саяыг орон нутгийн төсөвт суулгахаар төлөвлөжээ.  Дулааны шугам сүлжээ нь хувийн орон сууцыг дулаанаар, гэрт амьдардаг айл өрхүүдийг цахилгаан халаагуураар хангах нөхцөлтэй аж. Ийнхүү хурлын үеэр аймаг орон нутагт хийж хэрэгжүүлэхээр зорьсон ажлынхаа талаар Засаг дарга  иргэдэд тодорхой мэдээллийг өглөө.

Эдгээр ажлыг 2019 онд Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан ба шаардлагатай төсвийг батлуулахаар аймгийн ИТХ-д өргөн бариад байгаа аж.

 

Сумын удирдлагууд иргэдээ аюул осолгүй амьдруулах тал дээр байнгын гэрэлтүүлэг ажиллуулах санал санаачлага гаргасан байна. Тодруулбал Баянхонгор суманд энэ оны сүүлийн 9 сарын байдлаар харахад 427 гэмт хэрэг зөрчил гарчээ. Өмнөх онуудтай харьцуулахад 100 гаруй нэгжээр өссөн байна. Эдгээр гэмт хэрэг зөрчил үдэш оройн цагаар буюу 22:00-06:00 цагаар илүү их үйлдэгддэг байх юм. Хэрэг зөрчил харьцангуй бага гардаг өдөр нь архи дарс худалдан борлуулахыг хориглосон байдаг Засаг даргын захирамжтай Даваа гараг ажээ. Аймгийн төвд гэмт хэрэг зөрчил хамгийн ихээр Номгон-1, Дуурсах-3, Есөнбулаг-9, Угалз-4 багийн нутаг дэвсгэрт гардаг тухай тус багуудын ИНХурал дээр цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Энэ бодит гарсан судалгаа шинжилгээнээс үүдэн Баянхонгор сумын гэр хорооллуудыг шөнийн цагаар байнгын гэрэлтүүлэгтэй болгосноор аюул осолд иргэд, хүүхэд багачууд бага өртөнө гэж мэргэжлийн байгууллагууд хамтран дүгнэжээ. Бүх л шөнийн турш асаалттай байлгахад айл өрх сардаа 1000 төгрөгийн хураамжийг төлөн нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгүүдийнхээ тог цахилгаан, засварын төлбөрийг хамтран төлсөнөөр үдэш оройноос өглөө болтол асаалттай байлгая гэдэг дээр иргэдийн нийтийн хуралд оролцсон багийн иргэд санал нэгтэй батлав. Гэхдээ гэрэлтүүлгийг жигд тавьж эхэлсэнээс хойш 1000 төгрөгийн хураамжийг айл өрхөөс авч эхлэх юм.

2019 оны 01-р сарын 01-ээс хэрэгжиж эхлэх нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хүүхэд гаргасан эхийн нийгмийн даатгалыг тодорхой нэг албан газарт ажилладаг бол байгууллагаас 3 жил хариуцаж төлөх, сайн дураараа төлдөг бол тэтгэмжийн даатгалын сангаас бүрэн хариуцаж 3 жил төлнө. Ажил хийдэггүй, сайн дураараа даатгал төлдөггүй байсан ч төр 50 хувь буюу тал зардлыг нь гаргаж шинэ төрсөн эхүүдэд нийгмийн даатгалыг нь төлж өгөхөөр болжээ.

Энэ мэт олон нааштай ажил, мэдээлэл сонссон багийн иргэд хөдөлмөрчид баяртай байна. Амьдрал, аж ахуйг дэмжсэн үйл ажиллагаанд иргэд өөрсдөө ч өндөр оролцоотой байж оролцохдоо бүх зүйлд хуулийн хүрээ, хэм хэмжээг сахих ёстойг холбогдох албаныхан хурлын үеэр анхааруулж байсан юм.

Иргэдийн зүгээс граж, хашааны газар авах, хашааны гэрчилгээ олгох, гэрэл цахилгааны тоолуур бичилт, ахмадын эрүүл мэндийн үйлчилгээний хөнгөлөлт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, архи пиво дураараа зардаг жижиг түцнүүдэд хяналт тавих, хог тээвэр, хаягжилт, Хонгор 1000 хорооллын дагуу явган хүний зам талбай хийх, камержуулалт хийх, арван мянгатын голын зам дагуу үер усны суваг шуудуутай болгож өгнө үү гэсэн олон хүсэлтийг аймаг болон сумын удирдлагуудад тавьж байлаа.

Засаг дарга Г.Батжаргал, хотын захирагч Ж.Мөнхсоёл нар иргэдийн санал хүсэлт нэг бүрийг хүлээж авч төсөв санхүүгийх хувьд боломж нь гарвал ихэнх асуудлыг зохистой байдлаар шийдхийг зорьж буйгаа илэрхийлж байлаа.

2018-10-13 04:45:30