• 12 сарын 25, Лхагва гараг
ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
131 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ЗДТГ-аас “Хуулиа дээдлэе” аяны хүрээнд хүүхдийн байгууллага, хүүхдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, тэдний оролцоог дэмжиж, дэвшүүлсэн шинэ санаачлага уриалгыг нь хэрэгжүүлэх, хүүхдийг хүчирхийллээс ангид байлгах зорилгоор аймгийн хөгжилд хүүхэд бидний оролцоо сэдэвт хүүхдийн нэгдсэн зөвлөгөөн хэлэлцүүлгийг Цагдаагийн газар, БСУГ, ЭМГ-тай хамтран 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, ЭМГ-ын дарга А.Ганболд, БСУГ-ын хэлтсийн дарга н.Батбаяр болон аймгийн төвийн ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, ахлах ангийн 120 гаруй сурагчид оролцож үндсэн 3 чиглэлээр хэлэцүүлгээ өрнүүллээ.

Үүнд аймаг орон нутгийн хөгжилд хүүхдүүд хэрхэн оролцох, хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн нөлөөлөл, ухаалаг утасны соёлтой хэрэглээг бий болгох нь сэдвүүд багтсан юм. 
Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн цагдаагийн газраас 2018 онд хүүхдүүд холбогдсон зөрчил дутагдал, гэмт хэргийн талаарх судалгаа мэдээллийг танилцуулсан юм.

2018 оны 10-р сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймагт 252 хүн гэмт хэрэгт холбогдсоны 8,3 хувийг хүүхдүүд эзэлж байна. Эдгээр хүүхдүүд нь 5 төрлийн 15 гэмт хэрэгт оролцсон ба нийт 21 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагджээ. Үүнд хулгайлах 5 гэмт хэрэгт 7 хүүхэд, дээрэмдэх – 4 гэмт хэрэгт 7 хүүхэд, хүчиндэх-1 гэмт хэрэгт 1 хүүхэд , хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах -4 гэмт хэрэгт 5 хүүхэд, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах – 1 гэмт хэрэгт 1 хүүхэд тус тус холбогдон шалгагдсан ба насны хувьд 14-17 насны охид хөвгүүд байна. Эдгээр хүүхдүүд Баянхонгор сум болон Өлзийт, Баацагаан, Баян-Өндөр, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянговь сумдад тус тус гэмт хэрэг үйлджээ. Иймд хүүхдийн хүмүүжил төлөвшилд ар гэр, сургууль, төр засаг аль аль шатандаа онцгой тавих анхаарлаа тасалдуулахгүй байх нь зүйтэй юм.

Аймгийн ЭМГ-ын дарга Г.Ганболд ухаалаг утасны хэрэглээнээс үүдсэн олон сөрөг асуудал бий болоод байгаа тухайд хэлэлцүүлэгт оролцсон хүүхэд багачууд мэдээлэл авлаа. Гар утасны соронзон долгион, wifi, интернет орчноос үүдэлтэйгээр нүдний хараа муудах, тархины хавдар үүсгэх өвчлөлүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Холбогдох байгууллагын зүгээс ч тун удахгүй гар утасны өвчин гэж үүсэх хандлагатай байгааг тогтоогоод байгаа юм байна. Иймээс ухаалаг утасны зөв зохистой хэрэглээг өөртөө болон гэр бүл, найз нөхөддөө ямагт үлгэрлэж байхыг сурагчдад уриаллаа.

Тэднээс хамааралтай олон асуудлыг шийдвэрлэхэд, хөгжүүлэхэд хүүхдүүд зөвхөн саналаа илэрхийлэх биш харин асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох гарцыг хамтдаа ярилцаж өөрсдөө хэрэгжүүлэх нь үр дүнтэй юм. Иймээс ч уг хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд ач холбогдол өгөн өөрсдийн биеэр оролцож буй нь энэ юм.

Сургууль бүрээс 15 хүүхэд нийгмийн идэвх оролцоо сайтай гэдгээр сонгогдож тус хэлэлцүүлэгт оролцсон ба эдгээр хүүхдүүд нийгмийн ажилтныхаа өөрийн сургуулийн сурагчдад нөлөөллийн ажил хийх ба хэлэлцүүлэг зөвлөгөөнөөс гарсан санал дүгнэлтээс үүдэн сургууль бүр 14 хоногийн хугацаанд сурагчдын оролцоотой аян, ажил арга хэмжээг зохион байгуулан улмаар үр дүнг тооцох юм байна.

2018-10-15 00:15:17