• 05 сарын 19, Ням гараг
БАЯНХОНГОР АЙМАГТ АЛТНЫ СОРЬЦ ТОГТООХ, ХУДАЛДАН АВАХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЭЭГДЛЭЭ
118 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол банк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран алтны нийлүүлэлийн сүлжээг албажуулах, ил тод болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Стандарт хэмжил зүйн газрын дэд дарга Б.Билгүүн, Монгол банкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн зохицуулагч Б.Алтанбагана, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон холбогдох албаны хүмүүс, алт олборлогч ААН, бичил уурхай эрхлэгчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны хүрээнд нээгдэж буй уг нэг цэг үйлчилгээний төвд 395 сая төгрөгийн өртөг бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Монгол банк, Тогтвортой бичил уурхай төслөөс хандивлаж байгаа юм.

Төвийн бүсийг тулгуурлан Дархан-Уул аймагт энэ сарын 15-нд үнэт металлын лаборатори бүхий нэг цэгийн үйлчилгээний төв ашиглалтад орсон бол баруун аймгуудын ААН, иргэдийн гол тулгуурлан үйлчлүүлэх төвийг Баянхонгор аймагт ийнхүү байгууллаа.

Алтны сорьцийн лаборатори, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг холбогдох удирдлагууд нээж тууз хайчилсаны дараа үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаатай нээлтэд оролцогсод танилцаж, анхны алтман гулдмайг хайлах үйл явцыг үзэж сонирхлоо.

Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болох аж. 
Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасаж, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээх хянах, тогтолцоог бүрдүүлсэнээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байна.

Тус Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвөөр Баянхонгор аймгийн иргэд ААНБ-ууд үйлчлүүлээд зогсохгүй зэргэлдээх Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг алт олбологч ААН-үүд бичил уурхай эрхлэгчид үйлчлүүлэх аж. Нэг цэгийн үйлчилгээний төвд Хаан банк худалдан авах эрхтэйгээр үйл ажиллагаа явуулах бол Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх банкууд алт худалдан авах үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм байна.

Алт худалдан авч улмаар борлуулдаг иргэдийн амь насанд халдсан тохиолдол урьд өмнө нь гарч байсан гашуун туршлага Баянхонгорчуудад байдаг. Иймээс энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гарахгүй байх нөхцөл бүрдэж буйн зэрэгцээ тус сорьцын лаборатори, нэг цэгийн үйлчилгээний төвийг өндөр хамгаалалтад шилжүүлжээ. Өрөө байрны засвар тохижилт, стандартыг сахиулахад аймаг орон нутгаас 37 сая төгрөгийг гаргажээ.

Цаашид ийм төвүүдийн тоог нэмэгдүүлснээр алтны албан бус худалдааг бууруулах, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой ажээ.

 

 

2018-10-17 22:56:27