• 12 сарын 25, Лхагва гараг
БАЯНХОНГОР СУМЫН БАГИЙН ДАРГА НАР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УНААТАЙ БОЛОВ
150 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сум нь 3600 гаруй өрхийн 32,000 гаруй хүн амтай. Тэдэнд төрийн ажил үйлчилгээг хамгийн ойр хүргэх үндсэн үүрэг хүлээсэн багийн дарга болон түүний ажлын аппарат нь унаа тэрэггүйн улмаас олон хүндрэлтэй асуудал бүх цаг үеүүдэд тулгарсаар ирсэн байдаг. Айл өрхүүдээр явж байхдаа нохойд хөөгдөх улмаар уруулж байсан тохиолдол ч гарч байсан байх юм. Зарим нь хувийн унаа тэргээ ашиглан төрийн ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрчээ.

Төрийн үйлчилгээг багийн иргэд нийтэд хүргэхэд дан сэтгэл байгаад дэмжлэг байхгүй бол үр дүн гарахгүй. Иймээс Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл аймгийн төвиин багуудын ажлын аппаратуудын ажлын бүтээмж, чанар, хурдыг илүү сайжруулах үүднээс төрийн үйлчилгээний автомашинтай болгох саналаа аймгийн ИТХ, Засаг даргад танилцуулан улмаар 2018 оны үндсэн чиглэлд тусгуулжээ.

Ингэснээр орон нутгийн төсвийн 69 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9 багийн төвийн ажлын аппаратыг төрийн үйлчилгээний автомашинтай болгож өнөөдөр түлхүүрийг алд цэнхэр хадгийн хамтаар албан ёсоор гардуулж өглөө.

Мөн 150-200 метрийн радиуст тусах чадал бүхий чанга яригчийг энэ үеэр багийн дарга нарт сумын тамгын газраас олголоо.

Тус олгосон төрийн үйлчилгээний автомашиныг хувийн ажил ахуйдаа ашиглахгүй байх тал дээр нэгдсэн хяналтыг сумын тамгын газраас багийн дарга нарт тавих ба цаашдаа машинд жи пи эс төхөөрөмж суулгахаар төлөвлөөд байгаа юм байна.

Иргэдэд зарлал мэдээлэл хүргэх болон айл өрх бүрт шуурхай хүрч ажиллахад ажлын нөхцөл байдлаа сайжруулсандаа багийн дарга нар баяртай байна.

 

2018-10-30 22:00:23