• 12 сарын 25, Лхагва гараг
"ХОНГОР НУТАГТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ"-Д ТУР ОПЕРАТОР ХХК-НИЙ МЕНЕЖЕР, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАР ОРОЛЦОЖ БАЙНА
133 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын аялал жуулчлалын салбарын тур оператор компаниудад орон нутгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газар, үйлчилгээний байгууллага, нутгийн иргэдийн онцлогийг танилцуулж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж, орон нутагтаа дотоод, гадаадын жуулчдыг татаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хонгор нутагтай танилцах аялалыг зохион байгуулж байна.

Хонгор нутагтай танилцах аялалд аялал жуулчлалын тур оператор ХХК-ний менежер, орчуулагч нар оролцож байгаа ба өнөөдөр тэднийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга С.Баярмагнай нарын холбогдох албаны төлөөллүүд хүлээн авч уулзлаа.

Засаг дарга Г.Батжаргал: Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд Баянхонгор аймаг дотоод гадаадын жуулчдад өөрсдийн онцлог бүтээгдэхүүн, үзмэрүүдээ сурталчлан таниулах ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж байна. Тур оператор компаниудын төлөөлөл тус аялалд оролцож буйд аймгийн удирдлагын хувьд ихэд олзуурхаж байна. Та бүхэн энэ аялалаасаа олон зүйлийг үзэж харан биднийг бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайржуулах тал дээр үнэтэй санал зөвлөгөөгөө өгнө гэдэгт найдаж байна. Цаашлаад та бүхэн өөрсдийн жуулчдаа манай сайхан нутгаар аялуулах маршрут төлөвлөгөөнд нэгтгэж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Аялалыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Монголын аялал жуулчлалын холбоо, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Баянхонгор-Хүн үүслийн өлгий” аялал жуулчлалын холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус аялал 2018 оны 10-р сарын 18-24-ний хооронд Баянхонгор аймгийн хангай, говийн чиглэлд үргэлжлэх ба Улаанбатар хот - Баянхонгор аймаг – Шатар чулуун хөшөө – Хачин ламын хийд – Шаргалжуутын халуун рашаан – Холбоолж нуур – Орог нуур – Их богд Цонж хайрхан – Цагаан агуй – Баянлиг /Шинэ сум/ – Бичигт хад – Цагаан булаг – Бөөнцагаан нуур – Цагаан цахир –Баянхонгор аймаг гэсэн маршрутаар явагдана.

Аялалыг зохион байгуулагчдын зүгээс Баянхонгор аймгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газруудыг монгол улсын аялал жуулчлалын салбарын тур оператор компаниудад танилцуулж, харилцан хамтран ажиллах, дотоод, гадаадын жуулчдыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлнэ гэж тооцож буй аж.

 

2018-10-30 22:38:14