• 12 сарын 25, Лхагва гараг
Эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах хөтөлбөрийг Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлнэ
160 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран агаарын бохирдлоос эх, хүүхдийг хамгаалах дөрвөн жилийн төсөлд 15.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Хөтөлбөрийн 10.4 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, 4.8 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг тус тус гаргах юм байна.

Эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах 15.2 сая ам.долларын санхүүжилттэй уг хөтөлбөрийг Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлнэ.

 
 

Хөтөлбөрийн хэлэлцүүлэг хуралд аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцож Баянхонгор аймаг дахь агаарын бохирдлын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв. Баянхонгор аймгийн төвийн хувьд агаарын бохирдол анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Тиймээс уг хөтөлбөрт тус аймаг идэвхтэй хамтран ажиллаж, бодитой үр дүн гаргах болно гэдгийг аймгийн Засаг дарга онцолж байлаа. 

2018-2021 оны хооронд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд Засгийн газрыг дэмжиж ажиллах ажээ.

 

Хамтарсан хөтөлбөр хэрэгжсэнээр агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалж, бодит тоо баримт гаргах, сургуулийн өмнөх насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй эрсдэлийг бууруулах, үндэсний хэмжээний бодлого боловсруулах ажлыг хийх юм. Хөтөлбөрийг дээрх хоёр байгууллагаас гадна Их Британийн Ватерлогийн их сургууль, Азийн хөгжлийн банк, Нийслэлийн ЗДТГ, Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал: 

“ Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийг ивээх сан Швейцарын хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн газар хамтран Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт тэр дундаа хүн ам олноор суурьшиж аймгийн төвүүдэд утааны асуудал нийслэл шиг болсон. Зарим үед салхигүй тохиолдолд багагүй хэмжээнд утаа хуримтлагддаг. Манай Баянхонгор аймагт нийт 27.700 хүүхдийн 11 мянга гаруй нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь жил бүр амьсгалын замын өвчлөлөөр эмнэлэгт хандаж байна. Тиймээс аймгийн төвүүд дэх гэр хорооллын уурын зуухны тоог багасгах ёстой гэж харж байна. Утаа гаргадаг цэг л бол ямар нэгэн байдлаар агаарын чанарт нөлөөлж байгаа. Иймд цахилгаан эрчим хүчээр дамжуулан айл өрхийг цахилгаан теньд холбох хэрэгтэй. Бид ирэх хавраас Өмнөд Солонгос улсын зээлийн хүрээнд ирэх хавраас аймгийн төвийг дулааны станцад холбох ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэлээ.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Монгол Улсын Засгийн газар болон бусад хөгжлийн байгууллагууд агаарын бохирдлын хэмжээг бууруулах урт хугацааны, тогтвортой гарц шийдэлд хөрөнгө оруулалт хийж байна. Цаг хугацаа шаардлагатай. Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг асуудал шийдэгдтэл хамгаалах шаардлага бий. Тиймээс хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, жирэмсэн эхчүүд өртөхийг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад анхаарна” гэжээ.

 

 

2018-11-06 23:37:37