• 12 сарын 25, Лхагва гараг
Хоёр аймгийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
211 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Улс тунхагласны 94 жилийн ойн өдрийг угтан Баянхонгор аймгийн ЗДТГ, Угсаатны зүйн музей Өвөрхангай аймгийн түүхийн музейтэй хамтран  Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойг угтан түүний түүхэн гэрэл зураг, эдлэл хэрэглэлээс бүрдсэн үзэсгэлэнг аймгийн Угсаатны зүйн музейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын хамт олон, хоёр аймгийн музейн хамт олон, иргэд оролцов.

Энэ удаагийн үзэсгэлэнд Өвөрхангай аймгийн музейгээс 80 гаруй, Баянхонгор аймгийн Угсаатны зүйн музейгээс 10 гаруй үзмэрийг дэлгэн тавьжээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяаг онцлон дурдаад, үзэсгэлэнг хүүхэд залуучууд үзэж, эх орон, тусгаар тонтнолынхоо утга учир, үнэ цэнийг мэдэрч ойлгох ёстойг онцлон тэмдэглэлээ.

Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нь 1912 онд Монгол Оросын хооронд найрамдлын гэрээг байгуулж, 1913 онд Монгол Төвдийн хооронд хэлэлцээр хийжээ. 1913 оны 10 дугаар сард Хаант Орос улсад анхны төрийн дээд айлчлалыг хийсэн бөгөөд Оросод 3 сар орчим байхдаа Сайд нарын зөвлөлийн дарга, Гадаад яамны сайд нартай удаа дараалан уулзаж, II Николай хаантай хоёр ч удаа уулзжээ. Тэрбээр Оросын хаан болон бусад эрх баригчдад “Эрдэнийн очир” одонг гардуулж, хадгийн хамт үндэсний өвөрмөц хийцтэй бэлэг сэлт барьж, Оросын талд хандан Монгол улс байгуулагдсаныг хятадад хүлээлгэн, гурван этгээд улс хамтран хэрэг хэлэлцэх тухай хүсэлт  тавьж, 1913 оны Орос, Хятадын тунхагийн үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн юм. Мөн Петрбургт сууж байхдаа Англи, Америк, Япон, Хятад, Швейцарь, Франц, Герман, Итали, Турк, Голланд, Дани, Австри зэрэг 10 гаруй улс орны элчин сайдын яаманд тусгаар тогтнолын тухай нот бичиг хүргүүлэхэд Хятадаас бусад нь хүлээж авчээ. 

Үзэслэгэнд энэ үеийн ховор нандин зураг, бичлэгийг дэлгэн гаргасны сацуу түүний хатад, хүүхдийн талаарх баримтыг дэлгэжээ.

Үзэсгэлэн долоо хоног гарах юм. Уг ажил нь улс тунхагласны 94 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж буй ажил ажээ.

1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Хаант Орос улсаас тусламж гуйх бичигт гарын үсгээ зурсан бөгөөд тусгаар тогтносны дараа засгийн газар бүрдүүлэхэд шадар сайдаар томилогдсон байна. 1912 оны 7 сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогджээ. Тэрээр 1919 оны 4 сард таалал болтолоо Монгол улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан.

Сонирхуулахад, Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэн 1918 оны 8 сард Хятадын цэрэг Нийслэл хүрээнд орж, 1919 оны сүүлээр Нийслэл хүрээг эзлэхэд буюу 1919 оны 4 сард 41 насандаа нас баржээ.

 

2018-11-21 00:26:42