• 12 сарын 25, Лхагва гараг
Эрүүл мэндийн салбарын тогооч нар ур чадвараараа өрсөлдлөө
222 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрүүл мэндийн салбарын тогооч нарыг чадавхжуулах сургалт, ур чадварын анхдугаар уралдаан энэ сарын 19-нд Баянхонгор хотноо боллоо.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн ортой эмнэлгийн нийт 29 тогооч тус арга хэмжээнд хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд 20 улирагч оны байдлаар улсын болон хувийн хэвшлийн  ортой 28 эмнэлэгт 20 мянга гаруй иргэн хэвтэн эмчлүүлж эмчилгээний хоолоор үйлчлүүлсэн байгаа нь нийт хүн амын 22 хувийг эзэлж буй дүн аж.

Үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх явц болон, эдгэрэлтийн үед нь шимт бодисыг зохистой хэмжээгээр агуулсан, өвчний онцлогт тохируулан өвөрмөц технологиор бэлтгэсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан эмчилгээний хоолоор үйлчилснээр өвчин эмгэгийн улмаас хямарсан эрхтэн тогтолцоог нөхөн сэргээх, үйл ажиллагааг нь дэмжих, эмчилгээний бусад аргын үр дүнг сайжруулах чухал ач холбогдолтой байдаг аж.

Тиймээс эмчилгээний хоолны тогооч нарын мэдлэг, ур чадварыг тогтмол сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа учир дээрх арга хэмжээг зохион байгуулжээ.

Нийт 29 тогооч хоолны цэс зохиох, технологийн карт боловсруулах, илчлэг тооцох аргачлал, дээж авах, хадгалах, устгах, хянах, тэмдэглэл хөтлөх, гурван дамжлагат угаалга, хуванцар савны хэрэглээ ба эрүүл мэнд сэдвүүдээр онолын мэдлэг олгох сургалтыг багийн оролцоотойгоор зохион байгуулсан.

Харин ур чадварын анхдугаар уралдаанд нийт 23 тогооч оролцож, зонхилон тохиолдох өвчний үеийн эмчилгээний хоол буюу салат, үндсэн хоол, шөлтэй тус бүр нэг порцыг хийж, 60 минутын хугацаанд мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаараа  өрсөлджээ.

 

Уралдааныг Монгол улсын мастер тогооч Ч.Цэрэнпагма, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Балжмаа, Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал  хариуцсан мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүн 10 үзүүлэлтээр дүгнэж, шилдгүүдийг тодруулав. 

Б.МӨНЗУЛ

2018-11-21 20:56:52