• 12 сарын 25, Лхагва гараг
БАЯНХОНГОРТ ТӨРӨЛТ НЭМЭГДЖЭЭ
140 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймагт энэ оны эхний 10 сарын байдлаар 1683 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 69-өөр нэмэгдсэн байна.

Нийт төрсөн эхийн 90 хувь нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 10 хувь сум дундын, сумын эмнэлэгт төржээ. 

Аймгийн хэмжээнд 10 сарын байдлаар нийт 1134 халдварт өвчин бүртгэгдэж 10 мянган хүн амд 131.4 байгааг 2017 онтой харьцуулахад 1.2 дахин нэмэгджээ. Мөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амьсгалын замын тууралтат халдварт өвчин болон сүрьеэ нэмэгдсэн байгаа нь анхаарал татаж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

Эхний 10 сарын байдлаар нас баралтын 423 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 45 тохиолдлоор нэмэгдэж, нийт нас баралтын 20.5 хувь нь эмнэлэгт нас баржээ. Хорт хавдрын 85 нас баралт, осол гэмтлийн 49 нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад хорт хавдрын нас баралт нэмэгдэж, осол гэмтлийн шалтгаант нас баралт буурсан дүнтэй гарчээ.

Нийт 14.682 түргэн тусламжийн дуудлага бүртгэгдсэний 21.2 хувийг алсын, 4.6 хувийг осол гэмтлийн дуудлага эзлэж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түргэн тусламжийн дуудлага 1771 тохиолдлоор нэмэгдэж, нийт дуудлагад эзлэх алсын болон осол гэмтлийн дуудлага буурсан байна. 

2018-11-21 21:05:40