• 12 сарын 25, Лхагва гараг
Өсвөр үеийнхний дунд хооллолт, жингийн илүүдлийн судалгаа хийж байна
375 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төвөөс аймгийн хэмжээний өсвөр үеийнхний дунд хооллолт, жингийн илүүдлийн судалгаа хийж байна. Судалгаанд Баянхонгор, Богд, Жаргалант, Өлзийт сумдын ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчид, Политехник коллежийн оюутнуудыг хамруулжээ.

Аймгийн хэмжээнд өсвөр насны 15 мянга орчим хүүхэд бүртгэгдсэн нь нийт хүн амын 17 хувийг эзэлж байна. Харин судалгаанд нийт өсвөр үеийнхний 20 хувийг хамруулахаар төлөвлөснөөс 95 хувийг нь судалгаанд хамруулаад байгаа аж.

Өсвөр үеийнхний хооллолт, жингийн илүүдлийн байдлыг Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын 2010, 2016 онд хийгдсэн 4, 5 дугаар судалгаануудыг харьцуулахад 07-11 насны хүүхдийн таргалалт 6.4 хувийг эзэлж 5.8 хувиар, илүүдэл жин 22.3 хувийг эзэлж 18.6 хувиар өссөн байна. Тиймээс өсвөр үеийнхний  хооллолтын дадал хэвшлийн өнөөгийн байдлыг үнэлэх, эрүүл ба эрүүл бус хүнсний хэрэглээ, жингийн илүүдлийн байдлыг судалж, судалгаанд үндэслэн хүүхдийг өсвөр үеэс нь эхлэн хооллолтын зөв дадал хэвшилд сурган халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор судалгааны ажлыг хийсэн байна.

Цаашид өсвөр үеийнхний хооллолтын дадал хэвшлийг үнэлж тэдэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох арга хэлбэрийг сонгож мэдлэгийн түвшинг сайжруулах, эрүүл ба эрүүл бус хүнсний хэрэглээг тогтоож эрүүл мэндийн боловсрол олгож эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах, жингийн илүүдлийн байдлыг тогтоож эрсдэл үүсгэж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж бууруулах ажлууд өрнөх аж. Мөн өсвөр насны охид жин нэмэхгүйн тулд хоол, хүнсний хэрэглээгээ багасгаж, хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэл байдаг эсэхийг  тогтоож сургалт сурталчилгааны ажил зохион байгуулж, зөв мэдлэг хандлагатай болгосноор хоол тэжээлийн дутагдалд орох эрсдлийг бууруулах, ирээдүйн эрүүл ээжүүдийг  бэлтгэхэд хувь нэмэр оруулах юм байна.

2018-11-21 21:08:54