• 12 сарын 25, Лхагва гараг
ВАНХҮҮГИЙН БАТБАЯР АГСАНЫ "ДОТООД ЕРТӨНЦИЙН УРСГАЛ" НОМЫН НЭЭЛТ БАЯНХОНГОР АЙМАГТ БОЛЛОО
260 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр өвлийн эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр. Эл өдөр МЗЭ-ийн шагналт, нэрт яруу найрагч, зохиолч Ванхүүгийн Батбаяр агсаны "Дотоод ертөнцийн урсгал" номын нээлт түүний төрөлх нутаг Баянхонгор аймагт болж байна.

Ванхүүгийн Батбаяр агсаны үр хүүхэд, найз нөхдөөс хамтран тав дахь номыг эмхтгэн хэвлүүлж уншигчдын хүртээл болгож буй нь энэхүү "Дотоод ертөнцийн урсгал" хэмээх түүний шүлэг, яруу найраг, өгүүллэгийн түүвэр зохиол ажээ.

Номын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын ОНХА-ны дарга Д.Юндэнбазар, В.Батбаяр агсаны үр хүүхдүүд, түүний уран бүтээлийн эрхэм нөхөд болох Өнөөгийн Баянхонгор сонины ерөнхий эрхлэгч П.Санаадагва, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Доржготов, МУГБ Ш.Чимгээ, Тэмүжин театрын дарга Б.Ганчимэг болон түүний зохиол бүтээлийг шимтэн унших дуртай уншигч, яруу найрагчид оролцож байна.

Төрмөл авьяас бүхий энэ эрхэм найрагчийн оюун билгээс ундран асгарсан үгс бүхний эгшиг хэмнэл нь зөөлөн ай, хайр энэрлийг түгээж чаддаг яруу гэмээ нь уянгатай, уянгатай гэмээ нь ухааралтай авьяас онгодын охь нь болсон эрхэмийн эрхэм хүмүүн байсан гэдгийг өнөөдөр түүний уран бүтээлч нөхөд дурсан санагалзаж байна.

Энэ гэгээн үдэшт саатан тухласан уншигч нэг бүрийн мэлмий сонор эрхэм хүмүүний амьдрал уран бүтээл, дуу, шүлэг яруу найргаар айлсан цэнгэж байна.

Номын нээлтийн ёслолын үеэр Засаг дарга Г.Батжаргал аавынхаа уран бүтээлийг ном болгон мөнхөлж ариун цагаан суварга бүтээсэн түүний ууган хүү Б.Төрмөнх нарын үр хүүхдүүд нь чин сэтгэлийн талархал дэвшүүлээд ирэх жил хийх ламын гэгээний 380 жилийн ойн даншиг наадамд уригдан оролцох эрхэм зочиддоо барих эрхэмийн эрхэм бэлэг энэ ном байх болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Эрхэм найрагчийн гэр бүл үр хүүхдүүдээс энэхүү "ДОТООД ЕРТӨНЦИЙН УРСГАЛ" номын баярыг Баянговь сумандаа тун удахгүй хийж нутаг усандаа хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Номын авшиг дэлгэр дүүрэн байх болтугай

 

2018-11-23 03:22:09