• 12 сарын 25, Лхагва гараг
ТУСГААР ТОГТНОЛЫН 94 ЖИЛИЙН ОЙГООР 44 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН АЛБАНЫ ТАНГАРАГ ӨРГӨЖ, ОРОН ГЭРГҮЙ 30 ӨРХ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО
119 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсны 94 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улс анхны үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 94 жилийн ойн хүрээнд Баянхонгор аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид тусгаар тогтнолын хөшөөндөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм.

Эдүгээгээс 94 жилийн тэртээ 1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталжээ. Үүний дараа БНМАУ-ын анхдугаар хурал хуралдаж 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ. Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилт болсон Бүгд Найрамдах засаглал бүхий төрийн байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болсон билээ.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг тус тус үндэслэн, Төрийн албаны тухай хуулийн 10, 15, 16, 17, 18 дугаар зүйлд тавигдсан шаардлага, нөхцөл болзлыг хангаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэн, тухайн албан тушаалд туршилтын хугацаанд ажиллахдаа төрийн албан хаагчийн зорилго, зорилт, чиг үүргээ мэргэжил ур чадварын зохих түвшинд амжилттай гүйцэтгэж байгаа нийт 44 албан хаагч “Төрийн албан хаагчийн тангараг” өргөлөө.

Энэ түүхт өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын хандив дэмжлэг, зарим ААН-ийн туслалцаагаар амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орон гэргүй 30 айлыг өргөө цагаан гэртэй болгож нийт 500 айлд гурил будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн олголоо. Ингэснээр энэ бол бахархалт өдрөөр тэмдэглээд өнгөрөх биш баянхонгор аймгийн олон олон айл өрх, түүний гишүүдийн амьдрал ахуйд нь бодит дэмжлэг болсон, баяр хөөр бэлэглэсэн өдөр болж байгаа юм.

 

 

2018-11-25 22:58:41