• 12 сарын 25, Лхагва гараг
РУСЕ МУЖТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
131 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Баянхонгор аймаг Бүгд Найрамдах Болгар Улсын Русе мужтай хамтран ажиллах санамж бичгийг энэ оны долдугаар сард байгуулсан. Санамж бичгийн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тэргүүтэй албаны төлөөлөгчид БНБУ-ын Русе мужид туршлага судлах албан айлчлал хийжээ. Айлчлалын үеэр тус мужийн хонины аж ахуй, бяслаг, сүү, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Болгар Улсын хөдөө аж ахуйн шилдэг туршлага, техник технологийг Баянхонгор аймагт нэвтрүүлэх асуудлаар талууд санал солилцсон байна. Болгарт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний инженерчлэл, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уул уурхайн тоног төхөөрөмж, техник технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд мөн хамтрах аж. Түүнээс гадна Болгарын тал манай улсын ноос ноолууран бүтээгдэхүүн, архины үйлдвэрлэлийг илүүтэй сонирхож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Албаны зочид тус мужийн “Angel Kanchev” их сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцах үеэр "Монгол улсаас, ялангуяа Баянхонгор аймгаас оюутан элсүүлэх сонирхолтой байгаа"-гаа сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал илэрхийлсэн байна. Мөн Русе мужийн эмнэлгээр зочлоход Монголын уламжлалт анагаах ухааныг ихэд сонирхож, Баянхонгор аймгаас уламжлалтын хоёр эмчийг эмнэлэгтээ дадлагажуулж сургах, түүнчлэн салбар эмнэлэг байгуулах сонирхолтой буйгаа илэрхийлжээ. Айлчлалын үеэр Монгол Улсаас БНБУ-ын Русе мужид суугаа өргөмжит Консулын газрын нээлтийн ёслолд аймгийн төлөөлөгчид оролцов. Өргөмжит Консулын газар нээгдсэн нь Баянхонгор аймгийн хувьд тус мужтай илүү олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ хэмээн албаныхан онцолсон. Энэхүү айлчлалын үр дүнд Баянхонгор аймаг, Русе бүс нутгийн захиргаа ХАА, газар тариалан, аялал жуулчлал, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч цаашид хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөжээ.

 

2018-11-30 03:11:51