• 05 сарын 19, Ням гараг
“СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН III ЧУУЛГАН БОЛОВ
54 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2018 оны 12 сарын 01 – 02 өдрүүдэд Баянхонгор хотод “ХҮҮХДЭЭ СОНСОЖ ХАМТДАА ШИЙДЬЕ” уриан дор “СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт аймгийн хүүхдийн нэгдсэн III чуулган зохион байгуулагдлаа. Чуулганд Ерөнхий боловсролын 20 сургуулийн 140 сурагч, Боловсролын нийгмийн ажилтан 20, Хүүхдийн элч 16, Эцэг, Эхийн төлөөлөл 35, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн 14, Судлаач хүүхдүүд зэргээр 16 сумын 231 төлөөлөгч оролцсон байна.

Чуулганы Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр,  Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, ГБХЗХГ-ын дарга Н.Мэндбаяр, ЭМГ-ын дарга А.Ганболд, НЭ-ийн дарга н.Баттогтох, БТСГ-ын дарга М.Мэнджаргал, Дэлхийн зөн Баянхонгор 2 ОНХ-ийн зохицуулагч А.Орхончимэг нарын хүүхэд хамгаалал, хөгжил талаас орон нутагт шийдвэр гаргах түвшиний холбогдох хүмсүүд оролцож чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, чуулганаас гарсан шийдвэрийг ажил хэрэг болгоход анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.

Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал 3-р чуулган  “Хүүхэд хүүхдийн харилцаа” “Багш сурагчийн харилцаа” “Эцэг, эхийн оролцоо” “Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын оролцоо – Мини парламент” “Ухаалаг утасны зөв хэрэглээ” “Сурагч, ажилтнуудын харилцаа” гэсэн зургаан үндсэн сэдэв дээр тулгуурлан явагдаж  сургуулийн орчинд ямар бэрхшээл байна түүнийг яаж засаж залруулж зөв замд оруулах, хэрхэн шийдвэрлэх талаар чуулганд оролцогчид хэлэлцэн зөвлөлджээ.

Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал нэгдсэн чуулганы хүрээнд сургуулиуд дээр салбар зөвлөгөөнүүд хийгдсэн ба Танилцах өртөө, Мэндчилгээний өртөө, Оньс тайлагч өртөө, Амтлаг өртөө, Диско өртөө, Хамтдаа өртөө, Өөрийгөө илэрхийлэх зэрэг найман өртөө бүхий сургалтыг ГБХЗХГ-аас хувиарласан багууд явуулж үүндээ хүүхдүүдийн оролцоог чухалчилжээ.

Чуулганд оролцогчид энэ үеэр тэмүжин театрт зохион байгуулагдаж байсан  “Байгаль дэлхийгээ хайрлая – Баянхонгор нутгаа судалж мэдэцгээе” дэвжээ тэмцээний эцийн шатны шалгаруулалтыг хамтдаа үзэцгээсэн юм.

Тус чуулганаас  гарсан асуудлуудыг эрэмбэлж аймгийн Засаг дарга буюу хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн  Г.Батжаргал-д албан тоотоор хүргүүлэх ба тус ажлуудын хэрэгжилт биелэлтийг 2019 оны 04 сард хийх чуулга уулзалтаар дүгнэх юм байна.

 

2018-12-03 20:36:46