• 12 сарын 25, Лхагва гараг
ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ ХӨТӨЛБӨРИЙН 2019 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХОЁР ТАЛ БАТЛАВ
310 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ" 2017-2021 оны хоорондох таван жилийн хугацаат хөтөлбөрийг Баянхонгор аймагт хэрэгжүүлж байгаа билээ. 


НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийн талаар орон нутгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, хүүхдийн байгууллага, олон нийтийг чадавхижуулах ажлуудыг түлхүү явуулсаар байгаа юм.

2019 онд Баянхонгор аймагт НҮБ-ын Хүүхдийн Сангаас "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ" хөтөлбөрийн хүрээндээ 618,350 долларын зардал бүхий ажил арга хэмжээнүүдийг хийхээр болсон байна. Тус төлөвлөгөөг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар өнөөдөр албан ёсоор баталж гарын үсэг зурав.

НҮБ-ийн Хүүхдийн сангаас “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрөө хэрэгжүүлсэнээр 2021 он гэхэд Баянхонгор аймагт ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж, ашиглалт нь сайжруулсан, хүүхдийн эсэн мэнд амьдрахуйд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулсан, эрүүл, чанартай сургалтын орчинд боловсролын үйлчилгээг үзүүлж тогтсон, хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлж, тэгш боломжийг олгодог болсон байх зэргээр дөрвөн үндсэн чиглэлээр ахиц өөрчлөлтийг үзүүлж, үр дүнг тодорхой гаргасан байна гэж тооцоолоод байгаа аж.

Баянхонгор аймгийн хувьд 2019 оныг хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэдрүү чиглэсэн олон ажил арга хэмжээг хийсээр, мөн хийхээр төлөвлөөд улсын болон орон нутгийн төсөвтөө зардлыг нь суулгаад явж байгаа юм.

Тухайлбал энэ онд 50 ортой хүүхдийн эмнэлэг, Баян-Ойт сургуулийн барилга ашиглалтад орж байгаа бол 2017 оноос хойш нийт 8 цэцэрлэг шинээр баригдсан буюу одоо баригдаж байна. Мөн 2019 онд долоон сургууль шинээр баригдах юм. Энэ бүхэн Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030, МУЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлууд юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс Баянхонгор аймагт 3 хоногийн хугацаатай ажиллах ба орон нутгийн нөхцөл байдлыг өөрийн биеэр судлаж холбогдох газруудын үйл ажиллагаатай танилцаж хүүхэд багачуудтай уулзах аж.

Энэ хүрээндээ хөтөлбөрийн өнгөрсөн жилийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сургалтыг аймаг сумдын удирдлагад өгсөн юм.

 

2018-12-06 00:40:24