• 05 сарын 19, Ням гараг
ЭРДЭНЭМАНДАЛ АХЛАХ СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ НЭЭЛТ БОЛОВ
77 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхэд шуугисан их өргөө Эрдэнэмандал ахлах сургуулийн спорт заалны нээлт өнөөдөр буюу өвлийн дунд сарын шинийн нэгний билэгт сайн өдөр боллоо.

 

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, Баянхонгор сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар, тус сургуулийн үе үеийн багш удирдлагууд, ХХҮГ-ын дарга Д.Амарсанаа нарын газар хэлтсийн дарга нар, МУГБ Ш.Чимгээ тэргүүтэй ЕБС-ийн захирлууд, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх З.Төмөртөмөө, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын зөвлөх Р.Амарбаясгалан нарын төлөөлөл бүхий үе үеийн төгсөгч нар, сургуулийн захирал Ц.Энхтөр нарын тус хамт олон эрдэмтэн багш, сурагч нар оролцлоо.

Хүүхэд шуугисан өргөөний их эзэд нээлтийн үйл ажиллагаагаа өргөн дэлгэр хийсэн юм.


Ёслолын эхэнд Монгол улсын төрийн далбаа болон олимпын далбааг заалны хоймортоо залсанаар үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Тив, улс, аймгийн тэмцээнд амжилттай оролцсон хүүхэд багачуудын жагсаал нээлтэд оролцогсодын баяр талархалыг хүлээж байсан юм.

40 гаруй жилийн хугацаанд зориулалтын бус жижиг зааланд биеийн тамир, хүмүүжлийн арга хэмжээг нэн хүндрэлтэйгээр явуулж байсан үе үеийн багш ажилчид гэлтгүй тус сургуулийн хүүхэд багачууд энэ өдөр баяр хөөр дүүрэн байна.

Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн зөвлөх З.Төмөртөмөө, Р.Амарбаясгалан нарын үе тэнгийн найзууд тус сургуулийн 2005 оны төгсөгч нар бөгөөд төрөлх сургуулиа ийнхүү зориулалтын спорт заалтай болж байгаад баяр хүргэн заалны тохижилтод зориулан нэг сая төгрөг хандивлав.

Аймаг орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагааг стандарт нөхцөлд аваачих гэсэн бодлого, М.Билэгт нарын улсын их хурлын гишүүдийн дэмжлэгтэйгээр өнөөдөр тус сургууль улсын төсвийн 936,5 сая төгрөгийн санхүүжилтээр зориулалтын стандарт спорт заалтай болж байгаа юм. Тус спорт заалыг “Эрч хүч хөгжил” ХХК өнгөрөгч 06-р сараас барьж эхлэн өнөөдөр байнгын ашиглалтад ийнхүү хүлээлгэж өглөө.

Нийт 38,4 х 24-ийн харьцаатай, том заал болон дотроо багш сурагчдын тус тусын кабинет, уншлагын танхим зэргийг багтаасан 6 өрөөтэйгөөр зохион байгуулалтыг хийжээ.

Тус сургуулийн захиргаа болон төгсөгч нараас спорт заалныхаа нээлтэд зориулж 5 сая төгрөгийн шагналын сантай гар бөмбөгийн тэмцээнийг мөн явуулж байна.

Эрдмийн их өргөөний эзэддээ спортын өндөр амжилт хүсье

 

2018-12-07 23:28:51