• 12 сарын 25, Лхагва гараг
БАЯНХОНГОР ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛСЭН ТАВ ДАХЬ АЙМАГ БОЛЖ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАЖ АВЛАА
314 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймаг ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн 5 дахь аймаг болж баталгаажуулалтын гэрчилгээгээ гардаж авлаа

Баянхонгор аймгийн ЗДТГ үйл ажиллагаандаа ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж, өнөөдөр /2018.12.13/ “Гэрчилгээ”-гээ гардан авлаа.

Гэрчилгээг гардуулах ёслолын арга хэмжээнд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗГХЭГ-ын ахлах рефрент П.Зоригтбаатар, Стандарт хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, МУИС-ын Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Н.Бурмаа, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага Хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт нарын албаны төлөөлөл оролцов.

Тус аймаг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага Хөтөлбөрийн Орон нутгийн цогц хөгжил түншлэл төсөл, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институттэй 2013 оноос хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 2016 оноос эхлэн аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллажээ. Ингэснээр тус ажлыг Баянхонгор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил жилийн үндсэн чиглэлд үе шаттайгаар тусган ажилласнаар Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.

Баянхонгор аймгийн ЗДТГ нь чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхдээ хамгийн бага баримт бичиг боловсруулж, хамгийн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, байгуулагад эрсдэлд суурилсан сэтгэлгээг бий болгох зорилго тавин ажиллажээ.

Тус аймаг нь ISO 9001:2015 олон улсын стандартыг ийнхүү нэвтрүүлж, баталгаажилт хийлгэн “Гэрчилгээ”-гээ авснаар Монгол Улсад Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн 5 дахь аймаг болж байгаагаараа онцлог юм. Цаашид аймгийн ИТХ-ын ажлын алба, сум, байгууллагуудын үйл ажиллагаанд энэхүү стандартыг нэвтрүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй иргэдэд хүргэх, иргэд болон хэрэглэгч талуудын сэтгэл ханамжийн үзүүлэлтийг дээшлүүлэх зорилготой ажиллаж байгаа юм.

Энэхүү стандартыг нэвтрүүлснээр байгууллагад эмх цэгц бүрдэж, албан хаагчдын ажиллах таатай орчин нөхцөлийг бий болгож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн, сэтгэл ханамж сайжирч байна.

Баянхонгор аймгийн ЗДТГ-т ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд дотоод үйл явцын уялдаа холбоог боловсронгуй болгох, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, байгууллагаас гарч буй бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг сайжруулах, цаашлаад гадаад, дотоод хэрэглэгч буюу хэлтсүүд, төрийн байгууллагууд, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Энэ талаар аймгийн 2019 оны богино хугацааны бодлогын баримт бичигт тусгасан. 2019 онд тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албан Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг бүрэн нэвтрүүлэхээр, 1 сумын Засаг даргын тамгын газар, 1 байгууллагыг Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллахаар болжээ.

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартын тухай:
Олон Улсын стандартын байгууллага нь байгууллагын нэр, хэмжээнээс үл хамаарч чанарын менежментийн үр нөлөөтэй тогтолцоог хэрэгжүүлэн ажиллуулахад туслах зорилгоор ISO 9000 бүлэг стандартыг боловсруулсан байдаг. Анх 1987 онд хэвлэгдсэн цагаасаа хойш ISO 9000 нь Олон Улсын стандартын байгууллагын хамгийн алдартай цуврал стандарт байсаар байгаа. 
Уг стандарт нь байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгоход чиглэхийн зэрэгцээ тэдэнд сэтгэл ханамжийн баталгааг бий болгох зорилготой. 
Байгууллагуудад баталгаажуулалт хийдэг стандарт бол ISO 9001:2015 бөгөөд энэ стандартыг 2016 онд үндэсний болгон орчуулснаар Монгол Улсад MNS ISO 9001:2016 чанарын менежементийн тогтолцоо гэж нэрлэгдэж байна.
Байгууллага үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлсэнээр гарах эерэг үр дүн, үр нөлөө их. Тухайлбал, Байгууллагын гадаад, дотоод бүх хэрэглэгчдийн сэтгэл ханамж бий болно. 
Ажилтнуудын ур чадварын шаардлагыг таних, ажилтнуудыг сургах сургалтын хэрэгцээний бодитой үндэслэл болж, ажилтнуудын ажлаа сайн хийх дадал заншлыг нэмэгдүүлэх юм. Мөн ажлыг дахин хийх, гарах зардлыг бууруулах зэрэг маш олон давуу талуудыг байгууллагад бий болгодог ач холбогдолтой.

Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг төрийн байгууллагуудад нэвтрүүлэхийн ач холбогдол их. 
Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий байгууллага Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлснээр аймгийн хэмжээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх тооцооллыг гаргажээ.

2018-12-12 23:20:51