• 12 сарын 25, Лхагва гараг
ЭРДЭНЭЦОГТ СУМЫН 1-Р БАГТ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИГДЛАА
234 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжитийн нэгдүгээр багт багийн суурьшил, хөгжлийн үндэс тавигдлаа. Учир юу вэ гэвээс улсын хэмжээнд анхдагч болж Эрдэнэцогт сумын Сэнжитийн нэгдүгээр багт малчин иргэдээ дэмжсэн, хөдөөгийн хүүхэд багачууд тухайн бүс нутагтаа суурь боловсрол, хөгжил хүмүүжлийнхээ үндэс сууриа олж авах цэцэрлэг бага сургуулийн цогцолбортой боллоо.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжитийн нэгдүгээр баг нь нийт 450 гаруй хүн амтай. Цэцэрлэг болон сургуулийн насны 100 гаруй хүүхэдтэй. Тус бүс нутгийн иргэдийн дунд хийсэн судалгаа, санал хүсэлт мөн өмнөх жилүүдэд ажиллуулсан 24 цагийн цэцэрлэгт хүүхдүүдийн хамрагдсан байдал зэргийг аймгийн удирдлагууд үндэслэн орон нутгийн хөгжлийн сангийн 216 сая төгрөгийн санхүүжилтээр Эрдэнэцогт сумын 1-р багт цэцэрлэг бага сургуулийн цогцолборыг ийнхүү байгуулж өглөө.

Тус цогцолбор барилга нь дотроо цэцэрлэг - 30 хүүхэд, бага сургууль - 30 хүүхэд , дотуур байрандаа 10 хүүхдийг тус тус хүлээж авах ба барилгыг орон нутгийн “Хүрэн Жинстийн Орой” ХХК барьж гүйцэтгэсэн байна. Багийн төвд төрийн үйлчилгээ нэгэнт явагдаж байгаа учир үүнийг дагаад багш, уурын зуухын галч зэргээр 6-7 хүн байнгын ажлын байраар хангагдаж байгаа юм байна.

Эрдэнэцогт сумын Сэнжитийн нэгдүгээр багийн эцэг эхчүүд хувьд хүүхдүүдээ сургаж хөгжүүлэх гэж хоёр талд амьдран байсан хүнд цаг үе энэ хичээлийн шинэ жилээс ийнхүү дуусгавар болж байгаад баяртай байна.

Багийн төвд тулгуурласан төрийн үйлчилгээг шат шатандаа чанаржуулах сайжруулах зорилгоор Баянхонгор аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд 24 цагийн гэр цэцэрлэг ажиллуулж, багийн эмч, дарга нарын ажиллах ажлын байр буюу багийн төвийн барилгуудыг шинэчлэн, хүн амын хамгийн анхан шатны нэгжид хүрэх төрийн ажил үйлчилгээг жигд хүртээмжтэй байлгахын тулд шинэ тоног төхөөрөмжөөр хангаж мөн унаа тэрэгтэй болгож өгсөн байдаг.

Энэ ажил бүр хотын төвлөрөл, утааг бууруулах, хөдөөг эзэнтэй байлгаж, зөв хөгжүүлэх бодлогын ажил байсан гэдгийг Засаг дарга Г.Батжаргал нээлтийн үеэр онцлож байлаа. Эдгээр ажлын үргэлжлэл ийнхүү Эрдэнэцогтчуудын ирээдүйрүү, хүүхэд багачуудруу чиглэлээ.

2019-07-02 06:04:37