• 12 сарын 25, Лхагва гараг
Ламын гэгээний даншиг наадам нартай, хуртай өргөн дэлгэр боллоо
546 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголын бурхан шашны гурван зулын нэг Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ой, “Хангайн бүсийн хурд-2019” даншиг наадам Баянхонгор хотноо долдугаар сарын 26-наас 28-нд боллоо.

                             Даншгийн нээлтийн тоглолтод 1000 орчим хүн оролцов

Даншиг наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр сайхан боллоо. Наадамд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн М.Билэгт, Баянхонгор нутгаас төрөн гарсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд, Франц Улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, нутгийн зон олон зэрэг 1000 гаруй зочид төлөөлөгчид оролцсон байна.

Аймгийн Засаг дарга наадмын нээлтэд хэлсэн үгэндээ, “Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ой, “Хангайн бүсийн хурд-2019” даншиг наадмыг урьтаж 380 бүтээлч ажлыг аймаг даяар өрнүүллээ.

Иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулахад онцгой анхаарч ойн хүрээндээ өрнүүлсэн бүтээлч ажлууд амжилттай хэрэгжсэн. 

Мөн дээрх ажлыг хийхэд  нутгийн зон олны хөдөлмөр, аж ахуй нэгж компаниудын хандив туслалцаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн төдийгүй  бид эвлэлдэн нэгдэж ихийг бүтээж болдгийг харууллаа" гэв. 

Мөн Ламын гэгээнтний наймдугаар дүр Данзанжамбалчойжиншинэн гэгээнтний захиж номлосноор эрдэм номоор биеэ чимж, эв эеийг хичээж  хөдөлмөрлөх нь хамгийн чухал гэдгийг онцолсон юм.

Цэнгэлдэх хүрээлэнд төрийн далбаагаа өргөж, наадамчид улсынхаа төрийн дууллыг хамтдаа сонсож хүндэтгэлийн түрлэг өргөсний дараа, нээлтийн урлаг соёлын тоглолт  эхэлсэн.

"Дөмөн хээрийн хатираа"-г морин хуурчид эгшиглүүлж, "Эртний сайхан"-ыг уртын дуучид түрэн, 400 биелгээч биелсэн хэсгүүд хамгийн онцгой мөч байсныг наадамчдын төлөөлөл онцолсон. Цамын бүжиг, Өэлүн эх таван хөвүүний бүжиг нээлтийн тоглолтыг чимжээ.

Ламын гэгээнтэн Лувсанданзанжанцан Их эзэн Чингэс хааны шууд удмынх бөгөөд Хавт Хасарын удмын эхээс 16 дугаар жарны Согтох төгөлдөр хэмээх туулай жил буюу 1639 онд мэндэлсэн аж.

Эл түүхийг нийтэд таниулах зорилго бүхий нээлтийн тоглолтын агуулга Бөртэ чоно, Гоо марал Онон мөрний эх, Бурхан Халдун ууланд нутаглаж буйгаас эхлэн он цагийн дарааллаар хөвөрсөн юм.

Давхардсан тоогоор 1000 шахам хүн оролцсон нээлтийн тоглолтод аймгийн Хөгжимт драмын театр, Хүүхдийн "Тэмүжин" театр, сумдын соёлын төвийнхөн, ардын авьяастнууд, бүх сумдын төлөөлөл хүүхдүүд оролцжээ.

Таван настай балчираас 70 гаруй настай авьяастнуудаас бүрдсэн нээлтийн тоглолтыг аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч С.Тогоомөнх найруулсан бөгөөд даншгийн нээлт түүхэндээ хамгийн их хүн оролцсон тоглолт болсон төдийгүй Ламын гэгээнийг Алтан ургийн удам гэдгийг олон нийтэд таниулах, түүний үйл хэргийг алдаршуулах, эв нэгдлийг эрхэмлэх утга агуулгыг тоглолтоор харуулахыг зорьжээ.

Үдшийн баярын хуралд Л.Маналжав Монгол Улсын гавьяат багш, Д.Чулуунбаатар Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор шагнуулсан бол “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор зургаа, “Алтан гадас” одонгоор 48 хүнийг шагнав.

 

     Сарлаг цамнасан наадам


Даншиг наадмын нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэцогт сумын жагсаалд чимэг нэмэхээр хөтлөн авчирсан сарлаг гэнэт цамнан, хурсан олныг сандаргав. Наадамчид багагүй хугацаанд сарлагийн цамнааг харж зогссон юм.

 

Сарлаг цамнасан тухайд Лувсанданзанжанцан судлалын төвийн тэргүүн Д.Батболд “Эрт цагт Ламын гэгээний хийдэд цам гарах үед үхэр толгойт эрлэг номунхан Дамжанчойжилын дүрд гавж хүн харайдаг байсан.

Лам нар түүний хөдөлгөөнийг шинжиж жилийн дөрвөн улирлын өнгийг тодорхойлдог байжээ.Зурхайч нар Дамжанчойжилыг шүтэж шороон үхрийн шинжийг жил болгон зурж ихэс дээдэс, өтгөс өвгөд, нялх балчирт ээл ивээл, сөрөг нөлөө ямар байх, төр улсын дотоод хэрэг явдал ямар буй, цаг улирал хэрхэн өөрчлөгдөх тухай тооцоолон гаргадаг.

Энэ сарлаг нь Эрлэг номунханы цамналтаар бүжиглэж сайн цаг айсуй ирж буй шинж тэмдгийг үзүүллээ” хэмээн тайлбарласан. Мөн утга бүхий тайлбарыг ардын уран зохиолч Т.Галсан гуай хүндэт индэр дээрээс наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлж байсан. Учир мэдэх хүмүүсийн амнаас сонссоноо тунгаавал сарлагийн цамнаа учиртай байсан ч байж мэдэх.

 

             Хурдан соёолонг  Монгол Улсын алдарт уяач И.Золбоотын шандас зээрд өнгөллөө

 

Ламын гэгээний даншиг наадам Дуурсахын хөндийд азарганы уралдаанаар эхэлсэн. Хурдан азарганы уралдаанд Дорнод аймгийн Баяндун сумын аймгийн алдарт уяач П.Цэгмидийн зээрд түрүүлж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хул аман хүзүүдэв.

Айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ч.Махбалын халтар, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Ж.Золбоотын бор, айргийн тавд Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Б.Цэрэнбатын цагаан азарга давхилаа.

Соёолон насны морьдын уралдаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач И.Золбоотын шандас зээрд магнайдаа тоосгүй түрүүлсэн бол аман хүзүүнд Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Амарбатын хээр халзан, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул С.Баярсайханы халиун, айргийн дөрөвт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Г.Мөнхсайханы бор, айргийн тавд Улаанбаатар хотын Налайх дүүргийн уугуул Н.Батболдын хонгор  хурдалжээ.

Хязаалан насны морьдын уралдаанд Архангай аймгийн Их тамир сумын уугуул Н.Лувсанцэрэнгийн цавьдар халзан түрүүлсэн бол аман хүзүүнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Н.Жавзанчожоогийн зээрд, айргийн гуравт Архангай аймгийн Өгийнуур сумын уяач Н.Чимэд-Очирын хээр, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баацагаан  сумын уяач С.Энхтөрийн хээр, айргийн тавд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач И.Золбоотын зээрд халзан давхив.

Их насны морьдын уралдаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хар түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Монгол Улсын алдарт уяач Ү.Бямбасүрэнгийн хул аман хүзүүдлээ. Айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач  А.Махбалын цавьдар халзан, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Өлзийт сумын уяач Н.Баттөрийн хар, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Т.Догсмаагийн хул морь давхилаа.

Шүдлэн насанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайваны зээрд халзан түрүүлсэн бол Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, Н.Пүрэв-Очирын зээрд аман хүзүүдэж, Ховд аймгийн Цэцэг сумын уяач  Н.Энхзоригийн бор айргийн гуравт хурдлав.

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Н.Баянмөнхийн бор, айргийн тавд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Н.Болдын-Енбүүгийн хонгор хурдалжээ.

Хурдан дааганы уралдаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Баярсайханы хүрэн түрүүлж Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уяач Н.Пүрэвжаргалын бор халзан удаалж, Баянхонгор аймгийн Жинст сумын Н.Цэвэгсүрэнгийн хээр  айргийн гуравт давхив.

Харин айргийн дөрөвт Увс аймгийн Улаангом сумын уяач Н.Зоригийн хул, Хэнтий аймгийн Галшар сумын Н.Амарбатын хээр айргийн тавд тус тус  хурдлав.

Эрлийз морьдын уралдааны дээд насанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Н.Мөнхбатын бор, дунд насанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Н.Мөнхсүрэнгийн хээр тус тус түрүүлж тод магнай, торгон жолоогоо өргүүлжээ.

     Сур харваанд 145 харваач, шагайн харваанд 300 орчим харваач цэц мэргэнээ сорив

 

Даншиг наадмын сур харвааны насанд хүрэгчдийн төрөлд эх орны өнцөг булан бүрээс цугларсан 145 харваач цэц мэргэнээ сорьж, гурван өдрийн турш алтан зурхайдаа 40 сум тавьж өрсөлдлөө.

Сур харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн Мэргэн, спортын мастер С.Босоомөнх 40 сум тавьсанаас 35 онож түрүүлсэн бол Баянхонгор аймгийн "Харч-Өөл" компанийн харваач Н.Лхамсүрэн 33 онож хоёрдугаар байр, Завхан аймгийн Тэс сумын уугуул, харваач Н.Хатансайхан гуравдугаар байрт тус тус шалгарчээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Ховд аймгийн Буянт сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Я.Цэцэгбаяр тэргүүлсэн байна.

 

Даншиг наадмын Шагайн харваанд нийт 37 багийн 300 орчим харваач оролцож цэц мэргэнээ уралдуулснаас "Харч-Өөл" компанийн баг тамирчид түрүүлжээ. Энэ удаагийн шагайн тойромд Улаанбаатар хот, Дорноговь, Өмнөговь, Дархан хотоос багууд ирж оролцсон.

Дашрамд дуулгахад Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн даншиг наадмын үеэр Хүрээмарал сумын уугуул, Улсын мэргэн Лхагвын Ядамсүрэнгийн хүрэл хөшөөний нээлт болж, сурын талбайг түүний нэрэмжит болголоо.

Хөшөөний нээлтэд Л.Ядамсүрэнгийн хань Ж.Жавзансүрэн,үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, аймгийн удирдлагууд, харваачдаас гадна УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр оролцон үг хэлж, нээлтийн туузыг хайчилжээ.

 

         Даншгийн бөхийн барилдаанд Улсын харцага Н.Золбоо түрүүлэв

 

Монголын ууган оточ, Эрдэнэ бандида хутагт, Хамба Номунхан, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ой, даншиг наадамд 256 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Баянхонгор Хөгжил" сан, "Мөнхийн үсэг" групп, "Хүч" спорт хороо, "Их Богд" дэвжээний бөх, Улсын харцага Н.Золбоо найм даван түрүүлж, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай анги, "Хонгор Нутаг" дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Орших үзүүрлэж, түмэн олноо баясгав.

Ламын гэгээний 380 жилийн даншиг наадамд Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Н.Батзаяа, Х.Гантулга, М.Бадарч, Т.Бэгзсүрэн, улсын начин Д.Цэрэнтогтох тэргүүтэй бөхчүүд барилджээ.

Бөхийн барилдааны хөлийн цэцээр Баянбулаг сумын харьяат Улсын харцага Д.Батболд, Заг сумын харьяат аймгийн Хурц арслан Б.Баасанбат Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Д.Болд, Баянлиг сумын харьяат аймгийн арслан Ч.Даваасүрэн, Баацагаан сумын харьяат аймгийн арслан Я.Булттаванжин, Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Ц.Шийрэв, аймгийн начин З.Батчулуун нар ажиллав.

Даншиг наадмын бөхийн барилдааныг 2015 оны “Бөх тайлбарлагчдын улсын уралдаан”-ы тэргүүн байрын шагналт Гансүхын Мөнхсүх тайлбарласан байна.

 

                  Яруу найрагч Л.Батцэнгэл "Хүрэн морь"-ийг гардав 

Бурхан шашны гурван зулын нэг, одон зурхайг үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380, МЗЭ-ийн түүхт 90, Баянхонгор аймгийн утга зохиолын нэгдэл үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн шагналт зохиолч, Яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит "Хүрэн морь-2019" 30 дахь удаагийн яруу найргийн наадам амжилттай боллоо.

 

Улаанбаатар хот, найман аймаг, Баянхонгор аймгийн 20 сумаас 43 яруу найрагч шилмэл бүтээлээ уншсанаас МЗЭ-ийн шагналт, "Өдрийн сонин"-ы сэтгүүлч, Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Л.Батцэнгэл түрүүлж, МЗЭ-ийн гишүүн, Г. Сэр-Одын нэрэмжит шагналт Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга Б.Баяржавхлан дэд байрт шалгарсан байна. Гутгаар байрт МЗЭ-ийн шагналт, Завхан аймгийн уугуул, яруу найрагч В.Нэргүй, тусгай байрт Ховд аймгийн залуу яруу найрагч Ц.Отгонбаатар, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын яруу найрагч Д.Жаргалсайхан тус тус шалгарчээ.

"Хүрэн морьтон" хишигтэнээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын залуу яруу найрагч Д.Тунгалаг, Говь-Алтай аймгийн залуу яруу найрагч Я.Мягмардорж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул МЗЭ-ийн шагналт, улсын "Алтан өд" шилдэг бүтээлийн эзэн яруу найрагч Н.Мөнхбаяр, Говь-Алтай аймгийн залуу яруу найрагч С.Гантулга, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын залуу яруу найрагч З.Батхуяг нар шалгарлаа.

Яруу найргийн наадам шинэ номын нээлт, "Цомтой үдэш" хүндэтгэл, "Хонгорын хүрэн морь" шинэ дуу анх удаа эгшиглэж, оролцогч уран бүтээлчид, үзэгч олны сэтгэлийг баясгажээ.

МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, ардын уран зохиолч Т.Галсан, "Болор цом"-ын эзэн М.Отгонбаяр нар хүрэлцэн ирж, уран бүтээлийн дээжээ өргөв.

 

                   Дөрвөн зүгт Майдар эргэлээ

 

Ламын гэгээнтний анхдугаар дүр, Лувсанданзанжанцан хутагтын түмэн өлзий гийсний 380 жилийн ойн даншиг наадмын үеэр дөрвөн зүгт Майдар эргэх еслолыг зохион байгуулав.

Асрал нийгүүлсэлийн Майдар бурхан нь цөвүүн цагт эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд Замбуу тивд залрах учиртай аж.

Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ хэмээн үздэг байна. Майдар эргэх ёслол нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.

 

 

1686 онд төв, халх, баруун Монголын хаад ноёд, хувилгаад Хүрэн бэлчир гэдэг газарт цугларч, найрамдлын их хуралдаанд оролцсоны дараа шашны эл зан үйлийг эхэлсэн түүхтэй.

Үүнээс хойш халхын олон хийдэд Алтан Майдарыг ногоон морь бүхий дөрвөн дугуйтай тэргэн дээр залж, хийдийн гадна талаар тойрч эргэдэг заншилтай болжээ.

Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн хэсэг уяад түмэн олноо адис хүртээж явдаг гэв.

Гандантэгчэнлин хийдийн шар хэрэмний гол, баруун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч, Манзуширийн их ерөөл хурж өлзий хутаг оршоож их мандал өргөдөг ёслол ажээ.

 

  Азын сугалаагаар хоёр өрөө байртай болов

 

Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн Даншиг наадмыг угтан зохион байгуулсан хонжворт сугалааны азтануудыг наадмын өмнөх өдөр "Малчин" телевизийн ийн шууд нэвтрүүлгээр тодруулав.

10.000 төгрөгөөр арилжаанд гарсан сугалааны тохирлоор супер хонжвор болох хоёр өрөө байр, приүс 30 автомашин гурав, суурь хонь гурав, азарга адуу гурав зэрэг томоохон хонжворыг хожих боломж хэн бүрт нээлттэй байлаа.

 

Баянхонгор сумын тавдугаар багийн иргэн Б.Улаанбанди хоёр сугалаа худалдан аваад хоёр өрөө байр хожжээ. Тэрбээр Хүрээмарал суманд ажиллаж байх үедээ азын сугалааг худалдаж авчээ.

Түүний гэргий Л.Энхтайван аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 13 дахь жилдээ сувилагчаар ажиллаж байгаа аж. Тэднийх ам бүл дөрвүүл, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэр хороололд амьдарч буй залуу гэр бүлд ийнхүү Ламын гэгээний 380 жилийн ойн сугалааны супер хонжвор ийнхүү таарсан аж. 

Лотто хэлбэрээр явуулсан уг сугалаанд, 0087213, 0017481, 0062002 дугаартай сугалааны эзэд тус бүр суурь хонь хожсон бол 0069571, 0055078, 0057280 дугаартай сугалааны эзэд азарга адууны эзэд боллоо. Харин "Приүс-30" маркийн автомашины азтанаар 0031763, 0002238, 0024819 дугаартай сугалааны эзэд тодорсон байна.

 

           Сайн оюут сургаал баригч буюу Ламын гэгээн Лувсанданзанжанцан

 

Ламын гэгээн Лувсанданзанжанцан таван настайдаа ламд шавь орж, авшиг хүртэж, зургаан настай байхад нь Төвдийн Дашлхүмбэ хийдээс ирсэн цорж шавиа болгон бичиг үсэг зааж,  настайд нь түүнд увш буюу буянд ойртохуй хэмээх сахил хүртээн Лувсанданзанжанцан нэрийг хайрласан байна.

Ламын гэгээн Лувсанданзанжанцан 11 насандаа нууц тарнын үндэс суралцаж, монгол бичиг сурч, 14 насандаа судрын онолын үндэс судалж эхэлжээ. 17 настайдаа Төвдөд суралцахаар явсан бөгөөд тавдугаар Далай лам, Ванчин эрдэнэ нарын шавь болж Судар тарнын ёс буюу Их хөлгөнийн гүн ухаан, учир шалтгааны ухаан, дуун ухаан, тэжээхүйн ухаан, урлахуйн ухаан гэсэн таван ухаанд гүн боловсорсон байна.



Эрдэмтэн судлаачид хутагтын үйл хэргийг үнэлж “Тэрээр хатуу зориг, хичээнгүй чанараар 20 гаруй эрдэмтэн багш нарыг шүтэж, эл зүйлийн шинжилгээний эрдэм мэдлэгийн далайд нэвтэрч, чармайн суралцсанаар эрдэм соёлын хувьд олноос хэтийдсэн байжээ” гэж дүгнэсэн аж.

Лувсанданзанжанцан хэмээх нэрийг монгол хэл рүү буулгаваас Сайн оюут сургаал баригч гэсэн утгатай ажээ. Монголын бурхны шашны гурван зулыг нэг, Хапхад шашин номын их хөлгөнийг бүтээн дэлгэрүүлэгч, гүн ухаан, утга зохиол, зурхай, эмнэхүйн ухааныг шимтэн үндэслэгч Ламын гэгээн нь анагаах ухаан, одон зурхай, үйлийн үр, шашны зан үйлийн зэрэг чиглэлээр дөрвөн боть ном зохиол туурвижээ.

Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь одон зурхайн онолын хэд хэдэн зохиол туурвисан байна. Тэрбээр: “Огторгуйд орчигч одон гараг Орчпонгийн амьтанд сайн муугаар нөлөөлмүй Огоорч авахыг мэдүүлэхийн тулд Оддын зурхайг бичвэй би” хэмээн айлджээ.

Мөн Ламын гэгээн Лувсанданзанжанцан Төгс буянтын зурхайг үндэслэгчдийн нэг юм. Цаг улирлын бичил хэмнэлийг урьдчилан мэдэж, ажил үйлээ төлөвлөх, төр шашны болон алив ёслол, зан үйл, засал тэргүүтнийг үйлдэхэд хэрэглээ болгож чадсанаараа гавьяатай бөгөөд бөөгийн онгоны тахилгыг бурханы шашны арван дошгидыг тахих зан үйлээр сольж, тахилгын уншлагыг бүтээжээ.

Ийнхүү тэрээр  Дорно дахины эрдэм ухаан, оюун сэтгэлгээний ололтыг санаачлан нэвтрүүлсэн байна. Ламын гэгээн Лвусанданзанжанцан анагаах ухааны чиглэлээр дорвитой дооон бүтээл, мөн эм найруулгын ухааны зохиол бичсэн байдаг.

Төвд хэл дээр анх удаа анагаах ухааны ном туурвисан монгол хүн болохын хувьд ламын гэгээн Луванданзанжанцан нь Монголд анх удаа анагаах ухааны сургуулийг үүсгэсэн бөгөөд энэ нь цаашид өргөжин дэлгэрч “ Монгол уламжлалт анагаах ухаан” гэсэн цогц эрдэм ухаан буй болжээ.
Лувсанданзанжанцан гэгээн нь Их хөлгөний таван ухаанд гүн нэвтрэн боловсорсон нь мэдлэг оюунтай, эрдэм чадалтай хүний эзэмшвэл зохих бүхнийг эзэмшсэн үнэхээр гэгээрсэн, эрхэм болохыг илтгэн харуулна.

Зөвхөн үүгээр ч зогсохгүй тэрээр эзэмшсэн, сурсан бүхий л эрдэм чадлаа буяны сэтгэл үүсгэн олон түмний тусын тулд зориулж байжээ.

                Гэгээнтний наймдугаар дүр

Ламын гэгээний хоёрдугаар дүр Лувсанбанчинбалбар нас сүүдэр үлэмж боловсрон, тэргүүний үсээ цагаан болтол гурван хүрдний үүднээс амьтны тусыг агуу ихээр зохион хайрласан тул Их Монголын түүхэнд “Буурал багш” хэмээн алдаршсан байдаг.

Гуравдугаар дүрийн гэгээн цогт Лувсанцэвээнжавчог хийгээд, дөрөвдүгээр дүр гэгээн Лувсанбалдандамбацүлтим, тавдугаар дүрийн Гэгээн Лувсанпэрэнлэйтогмэд, зургадугаар дүрийн гэгээн Жамьяандорж, долдугаар дүрийн Гэгээн сайн цогт Цэрэндорж нар дараалан залраад нийт бурхны шашин болон ялангуяа Зөөлөн итгэлт хоёрдугаар ялгуусан Эрдэнэбаатарыг Ламын гэгээний наймдугаар дүрээр тодруулсан байдаг. 

Ламын гэгээний наймдугаар дүр 2010 оноос Энэтхэг хутагтын оронд аврал, итгэл дээрхийн Гэгээнтэний зам мөрийг заасан, зарлиг сургааль хайрласны дагуу өмнөд Энэтхэгийн их хүрээ Балдан Брайвүн хийдийн нэгэн хэсэг Балдандаши-Гоман дацангийн номын хүрээнд шашин номд шамдан суралцаж байна.

Тэрээр эх нутгаасаа хол Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гоман дацанд буддын гүн ухаан, философийн чиглэлээр бурхны номд суралцаж, Чойрын таван ботийн эхнийхийг үзэж дуусгаад хоёр дахь ботийг хоёр жилийн дараа дуусгахаар шамдан сурч байгаа аж.

Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэн өнөөгийн энэ түүхт ойн өмнө Монголдоо түр хугацаагаар ирээд буцахдаа хүмүүсийн мэдлэгт тус нэмэр болох үүднээс бурхны шашны мөн чанарын тухай сэдвээр уулзалт яриа өрнүүлж, Далай ламын уншдаг Насны авшиг хүртээх хурал номын ажлыг хэд хэдэн газарт зохион байгуулжээ.

Баянхонгор аймгийн төв болон сумдаар бүсчлэн явж сүсэгтэн олонд Жанрайсаг бурханы авшиг хүртээсний зэрэгцээ Дорнод, Орхон, Архангай аймагт насны авшиг хүртээж лам хуврагуудын хамт ном хуржээ.

 

Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн бурханы номд шамдан сурапцахын зэрэгцээ боломжтой цаг мөч бүрийг урд заларсан долоон дүрийн гэгээнтний түүх намтрыг гунзгий судлах, тэдний үлдээсэн өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэхэд чиглэсэн судалгаа хийж байсан хүмүүст туслан хамтран ажиллаж байгаа аж.

Мөн бурхны шашныг хөгжүүлэхийн тулд өндөр мэдлэгтэй лам нарыг бэлтгэх зорилгоор Баянхонгор аймгаас 100 гаруй хүүхдийг Өмнөд Энэтхэгт сургах ажлыг эхэлжээ. Мөн тэднийг  ном эрдмийн үйлсэд шамдан суралцаад эх орондоо ирэхэд нь сүм дуган, хурал номын өргөөг бэлтгэсэн байхаар зохицуулалт хийх ажилд гарч бие оролцож байна.

Уулзалт, арга хэмжээнүүдэд оролцох бүрийдээ сүсэгтэн олноос өгч байгаа захиас сургаал бүхнийг анхааралтай хүлээн авч, өөрийн санал бодлоо хуваалцаж, залууст хандаж өтгөс буурлаа хүндэтгэж, нялхсаа ачлах, монгол зан заншил, уламжлалаа хадгалан хойч үедээ боловсрол болгон үлдээх, хүмүүжил, сэтгэлийн боловсрол чухлыг захиас болгож байна.

Мөн иргэд зон олонд хандаж шинэ зуунд шинжлэх ухаан гайхалтай хурдан хөгжиж байгаа үед бурханы шашнаа шинжлэн судалж, өөрийн сэтгэлд амар амгалан, аз жаргалыг цогцлоож, улмаар эргэн тойрондоо, улс орондоо энх тайван, амар амгалан, аз жаргалыг түгээн дэлгэрүүлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл чухал буйг айлдаж байдаг аж.

Б.МӨНХЗУЛ

2019-08-14 07:37:43