• 12 сарын 26, Пүрэв гараг
Ц.МАГСАРЫН ХӨШӨӨГ ШИНЭЧЛЭН БАЙРЛУУЛЛАА
236 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймагт 1943 онд гарсан тарваган тахал өвчнийг устгах, тухайн бүс нутагт байсан 40 гаруй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, тахал туссан хүмүүсийг эцсийн амьсгалыг хураатал эмчилж, эцэст нь өөрөө тарваган тахал өвчнөөр нас барсан Цогтын Магсарын алдар, гавьяаг мөнхөлсөн гэрэлт хөшөөг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасгийн өмнө, төв зам дагуух цэцэрлэгт хүрээлэнд зөөж байрлууллаа.

Ц.Магсарын хөшөөний нээлтэд түүний үр хойч, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Өнөржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Энхжаргал, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, хамт олон оролцлоо.

 

Хөшөөг Нэгдсэн эмнэлгийн дундах талбайгаас зөөвөрлөж, олон түмний нүдэнд ил газар, байрлуулах санаачилгыг сумын ЗДТГ-ын хамт олон гаргаж, нэгдсэн эмнэлэг, аймгийн ЗДТГ, Ц.Магсар агсны үр хойчийн дэмжлэгтэйгээр ийнхүү өнөөдөр хүндэт буйраа эзэлж байна.

 

Ц.Магсар нь 1893 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төржээ. 1938 онд Баянбулаг сумын эмнэлэгт сувилагчаар томилогдон ажиллаж, нутгийн иргэд түүнийг доктор Магсар хэмээн дуудах болсон гэдэг.

 

Хуучнаар ЗХУ-ын тарваган тахал эсэргүүцэх төв станцын дарга Л.С.Соболева 1943 онд болсон тарваган тахал судлалын анхдугаар зөвлөгөөнд илтгэл тавихдаа Ц.Магсар агсны эр зориг, энэхүү аймшигт тахалтай тэмцсэн баатарлаг үйл хэрэгт хүндэтгэл үзүүлэхийг хүсч зөвлөгөөнд оролцогсод түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, хэдэн минут босч гашуудал ирэлхийлсэн түүхтэй.

1960 онд аймгийн Нэгдсэн нэгдсэн эмнэлгийг Ц.Магсарын нэрэмжит болгож, түүний гэрэлт хөшөөг босгож байжээ. 

 

2019-08-14 07:40:00