• 12 сарын 26, Пүрэв гараг
ХАЛХ ГОЛ-80 ЖИЛ: Н.ЖАМБААГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ
122 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Халхын голын 1939 оны байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг Баянхонгор аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас өнөөдөр/2019.09.11/ тэмдэглэн өнгөрүүлж байна.  Энэ ойн арга хэмжээний хүрээнд аймгийн Баганат талбайд байрлах Монгол Улсын баатар Норпилын Жамбаагийн хөшөөнд аймаг орон нутгийн удирдлага, төрийн албан хаагчид, ахмад дайчдын ар гэрийн төлөөлөл, иргэд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Баянхонгор аймгийн цэргийн хүрээний ёслолын жагсаал хийлээ. 

Ойн арга хэмжээнд Баянхонгор аймгаас Халхын голын түүхэн тулаанд оролцож байсан 25 ахмад дайчдын үр хүүхэд хүрэлцэн ирсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг Баянхонгорчуудад аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхбаатар уншиж танилцууллаа. Ерөнхий сайд, Эх орны тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн ахмад дайчид, эрэлхэг эрчүүдийнхээ гавьяаг үеийн үед санаж, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө чин сэтгэлээсээ хичээн ажиллаж амьдрах ёстойг сануулжээ. 

,

Мөн аймгийн Засаг дарга Г.Батжаргал түүхт ялалтын баярт мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр улс орны хөгжил дэвшил, өнөөгийн энх цагийг авчирахад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад дайчид, тэдний ар гэр, төрөл төрөгсөд, нийт Баянхонгорчууддаа баярын мэндийг хүргээд түүхт ялалтын ойн ач холбогдлыг ахмад үе, идэр, залуу үеийнхэн ухаарч ойлгох, түүхийг үнэн зөвөөр таньж мэдэх ёстойг онцоллоо. 

Үүний дараа аймгийн удирдлагууд ахмад дайчдын үр хүүхдэд хүндэтгэл үзүүлж, ойн ном, дурсгалын зүйлсийг гардуулав.

2019-09-11 08:04:26