• 12 сарын 26, Пүрэв гараг
БАЯН-ОЙТ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО
316 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баян-Ойт цогцолбор нь 1948 онд Сансар нэртэйгээр байгуулагдсан Баянхонгор аймгийн сургуулийн өмнөх насны боловсрол олгох ууган цэцэрлэг юм. 2003 оноос сургууль цэцэрлэгийн цогцолбор болсон ба цэцэрлэг байгуулагдсаны 71, цогцолбор болсоны 16 жилийн ойгоо тус хамт олон спортын заал бүхий шинэ сургуулийн барилгатайгаар угтаж байгаа юм. Баян-Ойт цогцолборын бага сургууль нь 14 бүлгийн 560 суралцагчидтай бол цэцэрлэг нь 7 бүлгийн 290 хүүхэдтэй.

Боловсролын ерөнхий үнэлгээгээр улсын дунджаас дээгүүрт тогтмол ордог тус сургууль цэцэрлэгийн цогцолбор улс бүс аймгийн математик, сэтгэх чадвар болон бусад олон төрлийн уралдаан тэмцээнд суралцагчид нь өндөр амжилттай оролцдог байна. Нийт 55 багш ажиллагсадтай.

Баян-ойт цогцолборын сургуулийн барилгын нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нарын аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Баян-ойт сургуулийн шинэ барилгыг улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн өртгөөр орон нутгийн “Хаш гоёо” ХХК чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэжээ.

Спорт заалнаас гадна багш сурагчдын нийт 30 гаруй анги танхимтай. Анги танхим тус бүрийн тохижилтыг сайтар хийжээ. 2017 оноос тус цогцолборын барилгыг иж бүрэн шинэчлэх ажил 100 хүүхдийн цэцэрлэгээр эхэлж байсан бол өнөө жил ийнхүү спорт заал бүхий цоо шинэхэн стандарт нөхцлийг бүрдүүлсэн шинэ сургууль ашиглалтад орлоо.

Шинэ сайхан сургуультай болсон тус цогцолборын хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжих гараагаа энэ сургуулиасаа, энэ танхимаасаа итгэл дүүрнээр тавих болсондоо маш их баяртай байна. Баян-Ойт цогцолборт сурдаг зөвхөн хүүхэд гэлтгүй багш ажилчдын ая таатай орчинд ажиллаж хөдөлмөрлөх орчныг ийнхүү УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд 3 жилийн дотор иж бүрэн шинэчлэж өглөө.

Эрдмийн цагаан буян дэлгэрэх болтугай

2019-10-01 04:24:30