• 05 сарын 19, Ням гараг
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМЫН САЛБАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
126 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлага, дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт Монголын оюун ухааны академын салбар нээлтээ хийлээ

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Монгол улсын Гавьяат багш, МОУА-ийн салбарын захирал Ш.Чимгээ нар болон хонгор нутгийн хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт 3 хоногийн турш ажиллаж байна. Энэ хугацаанд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл эрхлэгчдийн олон сайхан үйл ажиллагаанд оролцсон юм. Тэрээр энэхүү бүтээн байгуулдаг, ажилч хөдөлмөрч түмний ирээдүй хойч үе илүү оюунлаг, илүү мэдлэгтэй байх нь юунаас чухал. Дэлхий нийт дипломыг биш чадварыг хардаг болсон энэ цаг үед бид ирээдүй үеээ дүүрэн тэмүүлэлтэй, хөрвөх чадвартай, оюуны өндөр чадамжтайгаар хөгжүүлэх нь зөв юм. Монгол хүнийг Оюу толгой биш Оюунлаг толгой хөгжүүлнэ. Ийм учраас энэ удаад төрөлх нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд залуусынхаа оюунд нь хөрөнгө оруулалт хийх эрхэм зорилгыг тавьж Монголын оюун ухааны академийн салбарыг Баянхонгор аймагт оруулж ирж байгаа гэлээ.

Уг академид сурсан хүүхэд залуус маань оюуны олон төрлийн спортоор орон нутагтаа хичээллэж, оюун ухаанаа өргөн цар хүрээтэйгээр нээлттэй хөгжүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

МУ-ын Гавьяат багш Ш.Чимгээгийн үүсгэн байгуулсан ОУ-ын сургуулийг түшиглэж байгуулагдсан Оюун ухааны академид тус сургуулийн хүүхэд багачууд бүрэн хамрагдах юм. Харин уг академид суралцах хүсэлтэй хүүхэд багачууд энэхүү салбарт ирж бүртгүүлэх боломжтой.

Х.Хатанбаатар захиралтай Монголын оюун ухааны академи 2010 онд үүсгэн байгуулагдсан байна. Хувьсан өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийн эрин зуунд дасан зохицож манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжлийн олон талт сургалт судалгааг явуулж хүүхэд залуусын оюуны чадвар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж сурах арга барилыг эзэмшүүлж байгаа аж. Оюун ухааны академи нь Өнгөрсөн 9 жилийн хугацаанд дотооддоо оюуны спортын 96 тэмцээн уралдаанд давтагдсан тоогоор 02-73 насны 13,000 хүүхэд залуус ахмад үеийг оролцуулсан байна. Мөн Герман, Швед, Энэтхэг, Япон Солонгос зэрэг олон орон нийтдээ 54 оюуны спортны тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж олон улсын чанартай тэмцээнээс 79 цом, 937 медаль хүртсэн ажээ.
Тус академи оюуны ухааны олон сонирхолтой төрлүүдийг хөгжүүлж дэлхийд тэргүүлэх баг тамирчдыг бэлтгэх зорилго өвөртлөн ажилласаар байгаа ажээ.

Энэ хүрээнд Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь зэрэг зургаан аймагт салбараа нээсэн бол энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын урилга санаачлагаар Баянхонгор аймагт ийнхүү албан ёсоор нээлээ.

Одоогийн байдлаар оюуны спортын 54 дээд амжилтын 30-ыг зөвхөн монгол тамирчид эзэмшдэг байна. Монгол хүний оюуны чадамж ямар өндөр болохыг тив дэлхийд харуулсан энэхүү буухиаг Баянхонгор аймгийн хүүхэд залуус итгэлтэйгээр, үлгэр жишээтэйгээр үргэлжлүүлэх эрхэм нөхцөл боломжоор ийнхүү хангагдлаа.

Үйл ажиллагааны төгсгөлд энэ жил 1-р ангид элсэн суралцаж буй хүүхэд багачуудын төлөөлөлд хичээлийн иж бүрэн хэрэглэлийг гардууллаа. Их хурлын даргын ажлын албанаас 07-р тойргоос нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 580 хүүхдэд энэхүү иж бүрэн хичээлийн хэрэглэлийг олгох юм байна.

2019-10-01 04:28:21