• 12 сарын 26, Пүрэв гараг
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
251 ХҮН ҮЗСЭН БАЙНА

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 27 жил болжээ.
 
Олон улсын Ахмадын баярын өдрийг Баянхонгор аймгийн хөдөлмөрч, хүмүүнлэг ахмадууд маань олон сайхан амжилттайгаар угтаж байгаагийн тод жишээ нь 2018 оны ажил үйлсээрээ аймгийн ахмадын холбоо нь улсын шилдэг холбоогоор, Баянхонгор сумын ахмадын хороо улсын тэргүүний шилдэг хороогоор тус тус шалгарсан явдал юм.
 
Ахмадуудуудынхаа баярын өдрөөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт азай буурлууддаа Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, төр түмэндээ түшиг тулгуур нь цаг ямагт болж явахын ерөөлийг дэвшүүлж хүндэтгэл үзүүллээ.
 
Баянхонгор аймгийн ахмадын холбоонд 70,000 гаруй ахмадууд гишүүнчлэлтэй байдаг ба ахмадуудынхаа эрүүл мэнд, хөгжил оролцоог дэмжсэн үйл ажиллагаануудыг "Ахмадаа ачилья" зэрэг хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгаас тухай бүр дэмжиж ажилладаг байна.
 
Цаг хугацааны олон олон нугачаанд залуу үеээ халамжлан хүмүүжүүлж ирсэн ухаант мэргэн азай буурлууддаа ахмадын баярын мэнд хүргэж эрүүл энх саруул сайныг хүсэн ерөөе.

2019-10-01 05:21:48