• 12 сарын 26, Пүрэв гараг
ХХААХҮЯ-НЫ ДЭД САЙД Ж.САУЛЕ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
163 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Баянхонгор  аймагт  Өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцаж аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Баянхонгор  аймгийн Засаг дарга Г.Батжаргал өвөлжилтийн бэлтгэл, үлийн цагаан оготнотой тэмцэх,  мал угаалга, вакцинжуулалт, отор нүүдэл, мах бэлтгэлийн талаар мэдээлэл хийсэн юм.

МАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэл: Оны эхний мэдээгээр  Баянхонгор аймагт 4249,4 мянган /хонин толгойд шилжүүлсэнээр 6485,6 мянга/ мал тоологдсон. Үүнээс энэ онд урьдчилсан мэдээгээр 25140 толгой мал хорогдож, 1955,1 мянган хээлтэгч малаас 1223,2 мянган төл бойжуулсанаас 21763 төл зүй бусаар хорогдсон. Зах зээл, хүнсний хэрэгцээнд оны эхэнд тоологдсон малын 22 орчим % буюу 937,8 мянган мал борлуулж, 21940 тн мах бэлтгэх урьдчилсан тооцоо гарсан байна.  Хорогдсон болон зах зээлд нийлүүлэх, хүнсний хэрэгцээнд бэлтгэх малаа хасаж тооцоход:  11920 малчин өрхийн 4530,6 мянган толгой, хонин толгойд шилжүүлсэнээр 6867,5 мянган мал манай аймагт  өвөлжих төлөвтэй байна.

Ихэнх нутгаар зун зуншлага сайн байснаас хамаарч ихэнх малчин өрх отор нүүдлээр гадагшаа явахгүй өөрийн сум, орон нутагт өвөлжих буюу  11897 малчин өрхийн 6840,7 мянган мал /хонин толгойд шилжүүлсэнээр/ өвөлжих урьдчилсан төлөв гарсан бол аймаг дундын отрын бүс нутаг “Бор Аргалант”-д  Бууцагаан сумын 13 өрхийн 18,2 мянга, Баянцагаан сумын 10 өрхийн 8,5 мянган мал өвөлжих тооцоо гараад байна.

Бэлчээр: Манай аймгийн хувьд нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрч гарлаа. Энэ зун нутгийн хойд хагаст бороо хур ихтэй, зуншлага сайн, харин говийн нутгаар 7 дугаар сарын сүүлчээс зуншлагын байдал дээрдсэн.  Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Баацагаан, Баянцагаан, Баян-говь, Богд, Жинст сумын ихэнх нутгаар  бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.

Мал, мах борлуулалт: Мал, мах бэлтгэх ажил хувь хүн, аж ахуй нэгжийн хүрээнд  өрнөж малчид багагүй хэмжээгээр борлуулалт хийж байгаа бөгөөд урьдчилсан дүнгээр нийт 60348 толгой мал, 59,7 тн мах зах зээлд борлуулагдсан байна.

Газар тариалан: Энэ онд нийт 681 га талбайд  17 ААН, хоршоо, 265 иргэн тариалалт хийсэн бөгөөд ургац хураалтын явц 65,1 хувь буюу  443 га талбайгаас 2394,2 тн ургац хураасан үзүүлэлттэй байна. Үүнд: төмс 153,6 га-аас 1351 тн, хүнсий ногоо 101 га-аас 550 тн, тэжээлийн ургамал 181 га-с 418,1 тн , үр тариа 0,3 га-аас 0,5 тн, жимс жимсгэнэ 7,1 га-аас 74,6 тн тус тус хурааж аваад байна. 10-р сарын эхний 10 хоногт багтаан ургац хураалтын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн салбарын 201-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөөний хүрээнд бэлтгэл ажлууд хангагдаж байна.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле хөрш зэргэлдээ Өвөрхангай аймгийн зуншлага тааруу байснаас зарим малчид отроор Баянхонгор аймагт өвөлжих болсон талаар яриад 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх, малын махыг ченжүүдийн гар дамжуулалгүй Улаанбаатар хотод борлуулдаг байх, малын тээвэрлэлтийг стандарт бусаар явуулахгүй байх тал дээр холбогдох байгууллагууд хариуцлагатай хяналт тавиж ажиллах,  малчдын төвшинд бэлтгэх өвс, тэжээл болон сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг онцгой анхааран ажиллах шаардлагатай байна. Цаашид малчдын хувийн бэлтгэлийг илүү сайн хангах тал дээр анхааран ажиллаж малчин бүрт мэдээлэл сурталчилгаа хүргэн өрх бүрийн хувийн бэлтгэлийн сайтар хангуулан ажиллах үүрэг чиглэлийг аймгийн удирдлага, холбогдох газруудад болгов. 

2019-10-03 06:47:43