• 12 сарын 26, Пүрэв гараг
БНСУ-ЫН “МАНАЙ ЭМНЭЛЭГ” БАЯНХОНГОР АЙМАГТ ТОМОГРАФИ АППАРАТ НИЙЛҮҮЛНЭ
176 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын ИТХ-ын дарга Б.Соронзонбаатар нар өнгөрөгч сард БНСУ-д албан айлчлал хийх үедээ Баянхонгор аймгийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр зууч, техник технологийн зэрэг хэд хэдэн  салбарт нэн шаардлагатай асуудлуудыг холбогдох албаны хүмүүст танилцуулж хөрөнгө оруулах тал дээр санал хүсэлтийг тавьж ажилласан билээ. Үүний хүрээнд БНСУ-ын  Янжу хотын “Манай эмнэлэг”-тэй хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна. Үүний хүрээнд Янжу хотын “Манай эмнэлэг”-ийн Ерөнхий захирал Жон Ен Иль-ээр ахлуулсан албаны хүмүүс Баянхонгор аймагт 10-р сарын 7-9-ний өдрүүдэд ажиллаж байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргал  тус эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээж авч уулзан аймгийн өнөөгийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлаа танилцууллаа. Үүний дараа Засаг дарга Г.Батжаргал БНСУ-ын Янжу хотын “Манай эмнэлэг”-ийн Ерөнхий захирал Жон Ен Ильтэй Монгол- Солонгос улсын найрамдалт харилцааг хөгжүүлэх, аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо, эмчилгээ шаардлагатай иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр тусламж үйлчилгээ үзүүлэх, “Манай эмнэлэг” болон Аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд аймгийн НЭ, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, Эмч, эмнэлгийн ажилтнуудыг нарийн мэргэжлээр сургаж, чадавхижуулах, “Эмч солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлэх, Баянхонгор аймгаас БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай иргэдийг зуучилж, хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг  тусгаж ажил хэрэг болгохоор хоёр тал ийн зөвшөөрөв.  

Хоёр тал хамтын ажиллагаагаа  эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа маш  том хөрөнгө оруулалтын ажлаар эхлүүллээ. Учир нь Янжу хотын “Манай эмнэлэг”-ээс 600 сая вонн буюу монгол мөнгөөр 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий сити төхөөрөмж буюу Томографи аппаратыг Баянхонгор аймагт нийлүүлэхээр болсон юм.

Тус эмнэлэг томографи аппаратыг нэг жилийн хугацаанд  манай аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулж өгөх  ба  түүнийг ажиллуулах мэргэжилтнийг өөрийн эмнэлэг дээрээ мэргэжилийн өндөр түвшинд бэлтгэж өгөхөөр болов.

Засаг дарга Г.Батжаргал Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарт  тулгамдаад байсан асуудлыг олж харан  нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох томографи аппаратыг Баянхонгор аймагт нийлүүлэхээр  болсонд Янжу хотын “Манай эмнэлэг”-ийн удирдлагуудад Баянхонгорчуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө гэсэн нутгийн удирдлагын уйгагүй хөөцөлдлөгөө, чин сэтгэлийн хичээл зүтгэлийг бид анхаарахгүй өнгөрөөж  чадамгүй байсан. Ийм учраас сити төрөөхөмж буюу сүүлийн үеийн томографи аппаратыг танай орон нутагт нийлүүлэхээр болсондоо бидний хувьд ч  баяртай сайхан байна гэдгийн тус эмнэлгийн Ерөнхий захирал Жон Ен Иль онцлон тэмдэглэж байв.

Баянхонгор аймаг нь томографи аппаратгүй аймгуудын нэг нь бөгөөд энэ нь иргэдэд тэр тусмаа өвчтөнд Улаанбаатар хотыг зорих цаг хугацаа, оочер дараалал,  зардал мөнгө, сэтгэл санааны зэрэг асар их хохирлыг учруулж байсан юм. Энэ хүнд цаг үеийг хэзээ мөдгүй Баянхонгорчууд ардаа орхиж орон нутагтаа тархи толгойноосоо хөлийн ул хүртэлх бүх эрхтэн системээ үзүүлж оношлуулах боломжтой болохнээ.

2019-10-08 09:31:24