• 12 сарын 26, Пүрэв гараг
БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЛАА
120 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын их хурал, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг орон нутгийн боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцах, салбарынхаа төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонсох, хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцыг судлах зорилгоор баруун аймгуудад ажиллаж байна.

Тэрээр өнөөдөр 14:00 цагт ХДТ-т боловсрол соёлын салбарын багш ажилчидтай уулзалт хийж салбарын хэмжээнд явагдаж буй бодлого хөтөлбөр, ажлуудаа танилцуулж өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго, зорилтын талаар мэдээлэл хийж боловсрол соёл, спортын салбарын тавьж буй санал хүсэлтийг сонссон юм.

Салбарынхаа орон нутагт тулгамдсан асуудал, санал хүсэлтийг биетээр сонсох үүднээс ээлж дараатайгаар орон нутгуудад Ё.Баатарбилэг сайд ажиллаж байгаа юм байна. Баянхонгор аймаг түүний ажиллаж байгаа 14 дэх аймаг болж байгаа ажээ.

Монгол улсад 190.000 төрийн албан хаагч байдгаас үүний 50 хувь буюу 90.000-ыг түүний тэргүүлдэг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын албан хаагчид дангаараа эзэлдэг байна. Тус яам салбарын хэмжээний үйл ажиллагааг жигд сайжруулах үүднээс хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбарын дотоод уялдаа холбоог сайжруулах үндсэн гурван зорилгыг дэвшүүлж энэ хүрээндээ цогц шийдэлт арга хэмжээнүүдийг шат дараатайгаар явуулж буйг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ярьж байлаа.

Тухайлбал 2018-2019-2020 он бол боловсрол соёлын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа он жилүүд гэдгийг тэрээр цохон тэмдэглээд тоо баримтаар дурдлаа. Энэ онд улсын хэмжээнд 48 дунд сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад орж байгаа бол ирэх жил 60 цэцэрлэг 30 сургуулийг ашиглалтад оруулахаар улсын төсөвт төлөвлөжээ.

Уг салбарт нийт 603 төсөл арга хэмжээ өнөөгийн байдлаар хэрэгжиж байгаа нь улсын төсвийн 23 хувийг тус тус эзэлж байгаа зэргээр боловсрол соёл, спортоо эрчимтэй дэмжсэн бодлогыг МУ-ын Засгийн газраас явуулж байгаа нь салбарын үйл ажиллагаанд хамгийн том хөшүүрэг дэмжлэг болж байгаа гэдгийг тэрээр салбарынхандаа танилцуулсан юм.

БСШУСЯ-аас зөвхөн их дээд сургууль гэлтгүй ЕБС, Цэцэрлэгүүдийн боловсролын чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор магадлан итгэмжлэлд оруулдаг байхаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ багш нарыг мөн аттестатчихаар болжээ. Уг ажил 2020 оноос хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр боловсролын байгууллагуудын чанар сайжирч багш нар өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр дорвитой анхаардаг болно гэж тооцжээ.

Уулзалтын үеэр БСШУС-ын сайд БСУГ-т иж бүрэн үйлдэлт принтер, ХДТ-т морин хуур гардуулж үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Мөн өөрийн хариуцсан ажил мэргэжил, салбартаа амжилттай ажиллаж яваа зарим хүмүүсийг шагнаж урамшуулав.

Уулзалтын үеэр боловсрол, соёл, спортын салбарын төлөөллүүд байгууллага хамт олондоо тулгамдсан, хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хэд хэдэн асуудлыг хөндөн ярьж дэмжихийг хүсч байлаа. Салбарын сайдын хувьд асуудал нэг бүрийг сонсоод ихэнхийг нь шийдвэрлэхээр болсон юм.

Тухайлбал аймгийн угсаатны зүйн музейн барилга, Номгон ахлах сургуулийн өргөтгөлийн барилгын ажлуудыг салбар яамны сайдын хувьд төсөвт тусгах тал дээр анхаарч ажиллах бол аймгийн төвийн 4 сургуулийг физикийн кабинет байгуулахад шаардлагатай бүх төрлийн хичлээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж тохижуулж өгөхөөр болсон болов. Түүнчлэн БСУГ-ын байрын засварын зураг төсвийн зардлыг санхүүжүүлэх, дөрөвдүгээр цэцэрлэгийн засварын ажилд шаардлагатай 165 сая төгрөгийг сайдын багцаасаа санхүүжүүлэхээ амлалаа. Мөн БСУГ, БТСГ, Номгон ахлах сургууль, зарим цэцэрлэгүүд, соёлын төвүүдэд нэн шаардлагатай байгаа компьютер бусад тоног төхөөрөмжүүдийг ажлын үзүүлэлтийг харгалзан тун удахгүй олгохоо илэрхийлээд энэ салбарын хүнд ачааг нуруун дээр үүрч яваа ажлынхаа төлөө чин сэтгэлтэй мэргэжилтэн, байгууллага нэг бүрийг дэмжиж ажиллана. Ингэх ч ёстой. Гол нь төрөөс тань ингэж дэмжээд байхад та бидний ажил хамтдаа өгсөж явах учиртай юм. Энд би нэг бодлого ярьдаг. Та нар сонсдог. Эргээд үр дүн нь амьдрал дээр, ажил дээр зөрчилдмөөргүй байна. Нэг л зорилготой нэг л баг байж, нийгэм болон энэ салбар дотор үүссэн хардалт, хий хоосон ярианд автдагаа болъё. Ийм жишээнүүд олон байгаа учраас та бүхэндээ сануулж хэллээ.

Бид энэ улсын хамгийн манлайлагч салбарынхан. Ийм гэгээн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа учраас би та нарыг өмөөрдөг. Бас дэмждэг. Цаашид ч бүхий л боломж бололцоогоороо дэмжинэ. Гэхдээ үүний цаана хүн бүхэнд хариуцлага ирж байгаа гэдгийг гүнээ ухамсарлаж байгаа гэдэгт та бүхэндээ итгэж байна. Хуучны арга барил, хуучирсан хандлагаа өөрчилье. Өөрсдөөсөө эхлүүлье. Хариуцлагатай мэргэжилтэн нэг бүртэй , хариуцлагатай байгууллага бүртэй хамтран дэмжиж ажиллахдаа таатай байх болно гэснээр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Баянхонгор аймагт салбарынхантайгаа хийсэн уулзалтаа өндөрлөлөө.

 

2019-10-19 12:04:15