• 12 сарын 26, Пүрэв гараг
ДЭМБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СЕРГЕЙ ДИОРДИЦА БАЯНХОНГОРТ АЖИЛЛАВ
117 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица 10-р сарын 30-аас 11-р сарын 01-ний хооронд Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд Бянхонгор аймгийн ЭМГ, НЭ, Өрхийн эрүүл мэндийн төв болон Бууцагаан, Бөмбөгөр, Богд, Жинст сумын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж нөхцөл байдалд бодитоор дүгнэлт хийжээ.

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг аймгийн Засаг дарга Г.Батжаргал албан өрөөндөө хүлээж авч эрүүл мэндийн системд хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцсон юм.

Суурин төлөөлөгч Сергей Диордицаг Богд суманд ажиллаж байх явцад умайн гадуурх жирэмслэлтээсээ үүдэж нэгэн залуу эмэгтэйн амь нас тун  эрсдэлтэй байдалд орсон байжээ. Улмаар аймгийн НЭ-ийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн Зөвлөх эмч Б.Мөнхжаргалаар ахлуулсан баг дуудлагаар очиж  яаралтай хагалгааг газар дээр нь хийж залуу эмэгтэйн амь насыг аварсан байна. Уг нөхцөл байдлыг хөндлөнгөөс бодитоор харсан хүний хувьд Баянхонгор аймгийн эмч мэргэжилтнүүдийн чадвар чансааг өндрөөр үнэлсэн гэдгээ ДЭМБ-ын Суурин төлөөлөгч ярианы эхэндээ онцлон тэмдэглээд ДЭМБ-ыг төлөөлөж чин сэтгэлийн талархалаа илэрхийлэв.

Суурин төлөөлөгч Сергей Диордица Баянхонгор аймагт эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээг үргэлж дэмжиж ажиллаж байгаад нутгийн удирдлагуудад талархал илэрхийлээд орон нутагтаа хэрэгжүүлээд өндөр үр дүн үзүүлж  буй жирэмсэн эхийн нэрийн хяналтыг тун ихээр сайшаав. Энэ хяналтын тогтолцоог дан ганц монгол улсын хэмжээнд гэлтгүй өөрийн хариуцдаг бүсийнхээ улс оронд хэрэгжүүлэх боломжтой сайн ажил, сайн туршлага байна гэв.

Ирэх оны төсөвт Эрдэнэцогт, Хүрээмарал сумдын эрүүл мэндийн төвүүдийг шинэчлэн барих ажлын тусгаад байгаа тухайгаа Засаг дарга Г.Батжаргал дурдаад эдгээр ЭМТ-үүд шинэ барилгатай болохын зэрэгцээ үйл ажиллагаагаа эхнээс нь жигдэлж улсын хэмжээндэх жишиг эрүүл мэндийн төвүүд болгох зорилготой байна. Энэ зорилтын хүрээнд хамтран ажиллах тухай саналыг ДЭМБ-ын суурин төлөөлөгчид тавилаа. Суурин төлөөлөгч С.Диордица саналыг баяртайгаагаар хүлээж авч сумдын эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, орчин нөхцөл, тоног төхөөрөмж, эмч мэргэжилтний чадвар болон хүрэлцээг стандарт хэмжээнд аваачихад, цаашдаа улсын хэмжээнд загвар болгоход та бидний хамтын ажиллагаа үр дүн авч ирнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Ирэх жил  ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица Баянхонгор аймагт дахин ажиллах ба хамтын ажиллагааны хүрээндээ  жилийн хугацаанд олон үр дүнг үзүүлсэн байх болно гэдэгтээ хоёр тал итгэлтэй байна.

2019-11-01 04:38:35