• 12 сарын 26, Пүрэв гараг
2019 ОНЫ ОНЦЛОХ 9 ҮЙЛ ЯВДАЛ
116 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ, ХМА-аас 2019 оны онцлох 9 үйл явдлыг нэрлэж байна.

 

1, БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭРЭЭР БАЯНХОНГОР АЙМАГ УЛСАД 4-РТ ОРОВ

Баянхонгор аймаг боловсролын чанарын үнэлгээг улсын дунджаас бууруулахгүй, улсын шалгалтын дунджаас 10 хувиар ахиулж,  ЭЕШ-ийн оноогоор эхний 10 байрт орох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Эдүгээ боловсролын чанарын үнэлгээгээр улсын хэмжээнд Номун далай сургууль, Соого сейко сургууль, Баацагаан, Жинст, Шинэжинст, Бөмбөгөр сумын сургуулиуд улсын дунджаас дээгүүр /улсын дундаж 37,1, аймгийн дундаж 37,8/ шалгагдсан бол Баянхонгор аймаг улсын хэмжээнд  4-рт орлоо. Мөн Номун далай лаборатори сургууль 2019 оны Монгол Улсын Топ 20 сургуулийн нэгээр шалгарав.

 

2, БАЯНХОНГОРЧУУД ТИВ ДЭЛХИЙН ТЭМЦЭЭН УРАЛДААНЫГ ӨНГӨЛӨВ

Засаг дарга Г.Батжаргал тив дэлхий улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаанд амжилттай оролцсон баг тамирчдад нийт    105.325.000 / нэг зуун таван сая гурван зуун хорин таван мянган төгрөг/-ний дэмжлэгийг энэ хугацаанд үзүүлээд байгаа бол тамирчдын чадвар амжилт ч жил ирэх тусам илүү сайжирч байгааг дуулгахад таатай байна. 2019 онд тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Баянхонгор аймаг 2 алт 1 мөнгө 2 хүрэл  нийт 5 медаль хүртсэн бол Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнээс 115 медалийг манай баг тамирчид авч ирж  төрөлх нутгийнхаа түмэн олны бахархалыг төрүүлж байна.   

3, Б.УУГАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ АВЛАА

Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чадвал амжилт, алдар нэрийг араасаа дагуулдагийн тод жишээ болж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, гуравдугаар зэрэгтэй үсчин Б.Ууганцэцэг Дэлхийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн явдал юм.

Францын Парис хотноо болсон үсчдийн олимп гэж хэлж болох Дэлхийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнд манай бөмбөрцөгийн өнцөг булан бүрээс 1000 гаруй үсчин, гоо засалчид цуглаж өрсөлдсөнөөс Баянхонгор аймгийн үсчин Б.Ууганцэцэг мэргэжил, ур чадвар, мэдрэмжээрээ шалгарч мөнгөн медалийг эх орондоо, хонгор нутагтаа авч ирлээ

 

4, САРЛАГ ҮХРИЙН ЦАМНААГАА ГАЙХУУЛСАН САЙХАН НУТГИЙН  ДАНШИГ НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, Их соён гэгээрүүлэгч, Монголын маарамбын оройн чимэг, Хамба номун хан, ханчин чойжил Эрдэнэбандид хутагт, ууган зурхайч, Монголын бурхны шашны гурван зулын нэг Ламын гэгээн  Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ой, түүний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд Баторшил өргөх хүндэтгэл, даншиг наадмыг  ёслол төгөлдөр зохион байгуулав

5, УТААГҮЙ БАЯНХОНГОР ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ  ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА


НҮБ-ын хүүхдийн сантай хамтарч “Утаагүй Баянхонгор” төслийг дөрвөн жилийн хугацаанд Баянхонгор аймаг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2019 онд гэр хорооллын 200 өрхийг 360 сая төгрөгийн дулаалгын иж бүрэн багцаар хангасан бөгөөд ирэх онд эдгээр өрхийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр зардлыг 2020 оны орон нутгийн төсөвт суулгалаа.

6,  БАЯНХОНГОР АЙМГИЙН ХЭРЭГЖҮҮЛСЭН ЖИРЭМСЭН ЭХИЙН НЭРИЙН ХЯНАЛТ УЛСАД ЖИШИГ БОЛОВ

Баянхонгор аймаг төрөх насны эмэгтэйчүүдийн нэрийн хяналтыг бий болгож ажилласнаар эмнэлэг, эмч, жирэмсэн эх, түүний гэр бүлийн хамтын уялдаа холбоо сайжирч  сүүлийн 3 жил эхийн эндэгдэл гаргаагүй билээ . Нэрийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласнаар Баянхонгор аймгийн туршлагыг Улсын хэмжээнд нэвтрүүлэх санаачилгыг ЭМЯ-аас гаргаж Архангай, Хэнтий, Өвөрхангай, Дархан Уул зэрэг бусад аймгууд туршлага судлаад байна.

7, АЙМГИЙН ТАТВАРЫН ОРЛОГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА 100% ДАВЖ БИЕЛЭВ


Баянхонгор аймгийн татварын орлогын төлөвлөгөө түүхэндээ анх удаа нэр төрөл тус бүр дээрээ 100% даван биелэлээ. Энэ бол ажлын баялаг дадлага туршлага, нөр их түшигтэй  мэргэжлийн чадварлаг төрийн албан хаагчдын ажилдаа чин сэтгэлээсээ хариуцлагатайгаар гаргасан хамтын  чанартай бүтээл юм. Тэдний үйлс  Баянхонгор аймгийн хөгжилд тодоос тод мөр үлдээж байгаад ямагт талархая.

8, БАЯНХОНГОР ХОТЫГ ТЭЛЭХ  ШИНЭ СУУРШИЛИЙН БҮСИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ


Бид өнөөдөр Баянхонгор сумаа тэлж хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хүн амаа өсгөх  зорилгыг өмнөө тавиад байна. Иймээс ч шинэ сууршилийн бүсийн ажлыг эхлүүллээ. Шинэ сууршилийн бүсийн эрчим хүч, дэд бүтцийн шугам сүлжээний ажлууд хийгдэж  байгаагийн зэрэгцээ сургууль эмнэлэгийн барилгууд тус тус баригдлаа. 2019  онд 500 иргэн сугалаагаар тухайн бүст газар өмчлөх эрхтэй болсоны зэрэгцээ ирэх онд 1100 иргэнд газрыг нэмж өмчлүүлэхээр төлөвлөөд байна. Ийнхүү шинэ сууршилийн бүсийнхээ хөгжлийн шанг бид татлаа.

 

9 , 2019 ОНД 135 ТЭРБУМ 685,1 САЯ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

Аймгийн хэмжээнд

42 тэрбум 236,9 сая төгрөгийн төсөв бүхий    13 Сургууль   

6 тэрбум 880 сая төгрөгийн төсөв бүхий           4 Дотуур байр 

1 тэрбум 480 сая төгрөгийн төсөв бүхий           2 Спорт заал  

12 тэрбум 530 сая төгрөгийн төсөв бүхий       11 Цэцэрлэг   

18 тэрбум 493 сая төгрөгийн төсөв бүхий       12 Соёлын төв

17 тэрбум 796 сая төгрөгийн төсөв бүхий       13 Эрүүл мэндийн төв барилга өргөтгөл

7 тэрбум 280 сая төгрөгийн төсөв бүхий              3 Гүүр

4 тэрбум 299 сая төгрөгийн төсөв бүхий               4 Нутгийн удирдлагын ордон

1 тэрбум 948 сая төгрөгийн төсөв бүхий             14 Багийн төв

21 тэрбум 165 сая төгрөгийн төсөв бүхий томоохон бүтээн байгуулалтууд

1 тэрбум 427,9 сая төгрөгийн төсөв бүхий эрчим хүчний салбарын өргөтгөл, шинэчлэл зэрэг нийтдээ 135 тэрбум 685,1 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлуудыг   Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Лхагваагийн Элдэв Очир, Улсын Их Хурлын гишүүн Магваны Билэгт Орон нутгийн удирдлагууд, иргэдийн хамтын хичээл зүтгэл дэмжлэгтэйгээр хийж чадлаа.

2019-12-31 05:52:57