• 12 сарын 26, Пүрэв гараг
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ЦАГААНЫ ОТГОНБАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
253 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Говь, хангай, тал хээр хосолсон Хонгор  нутгийн хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, буурал түүхийн цадиг зузааран, хүн төрөлхтөн нэгэн он цагийг үдэж, шинэ оноо угтах мөч ирлээ.

Хонгор нутгийн нийт ард иргэддээ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа ирж буй шинэ оны чин сэтгэлийн мэндийг хүргэж, учран золгож буй шинэ он маань аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Аймгийн ИТХурлын байгууллагын хувьд өнгөрч буй 2019 он нь амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд болж өнгөрлөө.

-Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, Их соён гэгээрүүлэгч, Монголын маарамбын оройн чимэг, Хамба номун хан, ханчин чойжил Эрдэнэбандид хутагт, ууган зурхайч, Монголын бурхны шашны 3 зулын нэг Ламын гэгээн  Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ой, түүний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд  бат оршил өргөх хүндэтгэл, даншиг наадмыг зохион байгуулж, түүхт ойн хүрээнд олон ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгууллаа.

Иргэдийн амьдрах аятай нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 13 сургуулийн барила, 4 сургуулийн дотуур байр, 11 цэцэрлэгийн барилга, 12 соёлын төвийн барилга, 13 эрүүл мэндийн төвийн барилга, 3 бетон гүүрийн барилга байгууламж, 4 сумын нутгийн удирдлагын ордон, 14 багийн төвүүдийг шинээр барих, Усан бассей бүхий спорт цогцолбор, Татварын хэлтсийн байр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Төрийн архивын барилга, Цагдаагийн газрын бэлтгэлийн барилга, Баянхонгор сумын 2,7-р багуудын үерийн далан, эрчим хүчний агаарын шугмын шинэчлэл зэрэг байгууламжуудад нийт 134,5 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст мал сүргийн тоо 4 611, 1 мянга болж, өнгөрсөн оныхоос 9,3 хувь буюу 394,6 мянган толгооор өсч, нийт мал сүргийн тоо таван төрөл дээрээ өссөн дүнтэй гарлаа.

Энэхүү үзүүлэлт нь манай аймаг улсад малынхаа тоогоор 6, ямааныхаа тоогоор тэргүүн, тэмээнийхээ тоогоор 2, үхэр сүргийн тоогоор 9, адуун сүргийн тоогоор 10, хонин сүргийнхээ тоогоор 11 дүгээрт эрэмблэгдсэн сайхан амжилт болж байна.

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс Агаарын бохирдлыг бууруулах, хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулах Шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөг батлах, Баянхонгор аймгийн боловсролын салбарыг 2020-2030 онд хөгжүүлэх дунд хугацааны бодлого, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн талаар баримтлах бодого, цаашид авах арга хэмжээний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн бодлого, Үйлдвэржилтийн бодлого зэрэг томоохон бодлогын баримт бичгийг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

-“Хүүхдэд ээлтэй орон нутаг” аймгийн дэд хөтөлбөрийг Аймгийн ИТХ-ын 2018 оны 37 дугаар тогтоолоор баталж, хөтөлбөрийн хүрээнд 2019 оныг “Хүүхэд хамгаалал өв тэгш хүмүүжлийн жил”-болгон зарлаж, нэрлэсэн жилийн хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, хэрэгжилтийн тайланг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, зохион байгуулсан ажлыг хангалттай гэж дүгнэлээ.

2019 онд Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, аймгийн нутгийн удирдлагын байгууллагуудтай хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах ньтөслийг тус аймагт хэрэгжүүлэх ажил амжилттай эхэлж, эхний санхүүжилтийн гэрээг соёрхон баталж 2 тал гарын үсэг зурсны дээр зарим томоохон ажлуудыг хийж эхлээд байна.

Мөн Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн ажлын хүрээнд Баянцагаан, Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст суманд 2019-2025 онд хэрэгжиж, бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар говийн эко системийн үйлчилгээг сайжруулан тогтвортой амьжиргааг дэмжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд зорилтот газар нутгийн аймаг, сумын ЗДТГ, бусад холбогдох төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, олон нийтийн байгууллага долоон жилийн туршид хамтран ажиллахаар боллоо.

 

            Улиран одож буй 2019 он иргэн бүрийн хувьд үл мартагдах сайхан дурсамж, өрх бүрийн хувьд өөдлөн дэвжсэн гэгээн үйлсээр өрнүүн дэлгэр он жил болж, үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил болж өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна.

Ирж буй 2020 он маань нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн зам дээр бат зогссон, эв нэгдэл, зөвшилцлийг эрхэмлэн бүтээлч ажил өрнүүлж Баянхонгор аймгийн төдийгүй Монгол хүн бүрийн аж амьдрал дээшилсэн жил болно гэдэгт эргэлзэхгүй байна. 

 

Та бүхэнд шинэ оны баярын мэнд хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

2019-12-31 07:14:48