• 12 сарын 26, Пүрэв гараг
НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ “ЭВАН” СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
233 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн НЭ-ийн Сувилахуйн албанаас гэрээр сувилахуйн үйлчилгээ үзүүлэхэд наад захын боолт, лент,  багаж тоног төхөөрөмжийн зэргээр дутагдалтай , хүрэлцэхгүй олон зүйл байсан учир  аймгийн Засаг даргад ханджээ.

Улмаар Засаг дарга Г.Батжаргал “Наран мандал энтерпрайзес” ХХК-д  гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг тухайн нэгжид унаа тэрэг, багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн  хүсэлт тавьсанаар тус ХХК-ийн удирдлагууд хүн ардын эрүүл мэндийн төлөө үйлс болохоор баяртайгаар хүлээж авч гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж буй үйл ажиллагаанд 30 сая төгрөгийн  дэмжлэг үзүүлэхээр болсон байна.  Дэмжлэгийн хүрээнд  такси хөлслөн очиж гэрээр сувилахуйн үйлчилгээ үзүүлдэг байсан сувилагч нар маань өнгөрөгч оны 08-р сард Приус-20 маркын автомашинтай болсон бол тун саяхан 20 нэр төрлийн 32 багаж тоног төхөөрөмжтэй болжээ. Ингэснээр гэрээр очиж сувилахуйн үйлчилгээ үзүүлдэг байсан мэргэжлийн бэлтгэгдсэн сувилагч нар маань үйл ажиллагааныхаа хүрэлцээ чанар, хурдыг сайжруулж өнөөдөр “ЭВАН” төвийнхөө нээлтийг хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга Г.Батжаргал, “Наран мандал энтерпрайзес” ХХК-ний гүйцэтгэх захирал Майкл Фишер болон аймгийн ЭМГ, НЭ-ийн удирдлагууд, эмч сувилагч нар, сувилахуйн албаныхан оролцлоо.

Өнөөдрийн байдлаар ар гэр, амьдралын нөхцөл байдлаас хамаараад сувилахуйн тусламж үйлчилгээг гэрээр үнэгүй авдаг 18 иргэн байдаг бол  эдгээр иргэдэд  270 гаруй удаа сувилахуйн үйлчилгээг хүргэжээ.

Өөрсдийн гэсэн унаа тэрэг болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багаж төхөөрөмжтэй болсоноороо үйлчилгээ илүү шуурхай чанартай болж ирсэнийг үйлчилгээ үзүүлэгч сувилагч нар ярьж байна.

ЭВАН төв нь уламжлалтын тасагт төвлөрөн үйл ажиллагаа явуулах бөгөөд цаашдаа төвдөө болон  гэрээр очиж асаргаа сувилгааг  үзүүлэхээр болж байгаа юм.

Нээлтийн үеэр гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх ЭВАН төвийг жолоочтой болгож цалин хангамжаар хангаж өгөхөө “Наран мандал энтерпрайзес” ХХК-ний гүйцэтгэх захирал Майкл Фишер албан ёсоор мэдэгдэж цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх болно гэлээ.

Ийнхүү асарга сувилгаа шаардлагатай ард иргэд түүний гэр бүлийхэнд ээлтэй, тэдэнд чин сэтгэлээсээ хандаж сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэгч сувилагч нарын ажлын нөхцлийг хөнгөвчилсөн Эван төв Баянхонгор аймагт албан ёсоор үүд хаалгаа нээлээ.

2020-01-17 08:37:11