• 12 сарын 26, Пүрэв гараг
БОДИБИЛДИНГ ФИТНЕСИЙН УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭНД БАЯНХОНГОРЫН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
219 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бодибилдингийн фитнесийн улсын аварга шалгаруулах “Монголын мистер 2020 ”тэмцээн 01-р сарын 24, 25-нд Улаанбаатар хотноо болж Баянхонгор аймгаас 14 тамирчин оролцжээ. Үүнээс дөрвөн тамирчин финалдаж, тамирчин Н.Нэмэхбаяр атлетик төрөлд улсын аваргын хүрэл медаль хүртсэн байна. Харин бусад тамирчдын хувьд + 165 модел ангилалд Ж.Сарнай 4-р байр, -165 модел ангилалд н.Билгүүн 4-р байр, эрэгтэй фитнесс ангилалд н.Түвшинтөгс 4-р байр, -160 модел ангилалд н.Саранзаяа финалдсан зэрэг амжилтуудыг үзүүлжээ. Тус тэмцээнд Баянхонгорчууд 2018 оноос хойш оролцож жил ирэх тусам чансаагаа сайжруулж байгаа ажээ.

Энэ удаагийн тэмцээнд оролцоход нь аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхсайхан нар дэмжлэг үзүүлсэн юм байна.

Тус тамирчдын төлөөллийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тамирчдыг албан өрөөндөө хүлээж авч уулзан баяр хүргэн цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Биеэ урлах спортыг сонирхогч түүгээр хичээллэгсэд жил ирэх тусам нэмэгдэж байгааг Баянхонгор аймгийн бодибилдинг фитнесийн холбооныхон баяртайгаар ярьж байна. Өнгөрсөн онд томоохон тэмцээнийг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан тус холбооныхон 04-р сарын 04-нд “Bayankhongor cup” нээлттэй тэмцээнийг хийх гэж байгаа аж.

Тус тэмцээнд олон улсын шүүгчдийг урилгаар авч ирэх бөгөөд бодибилдингийн спортоор өндөр амжилт гаргасан нэр хүнд бүхий олон тамирчид, шинэ тутам хичээллэгчид зэргээр олон тамирчид ирж оролцох юм байна.

2020-02-03 07:55:51