• 12 сарын 27, Баасан гараг
Шаардлагатай цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авах сайн дурын ажлыг эхлүүллээ
258 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Гэрэл зурагчдын холбоо, "Говь хангайн цэнхэр орон" нэгдлээс санаачлан аймгийн БОАЖГ, Их Богдын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран "Хонгор нутгийн ховор амьтдаа хайрлан хамгаалахад хамтдаа нэгдье" хөдөлгөөнийг өрнүүлж байна.

Баянхонгор аймаг нь байгалийн нөөц баялаг ихтэй, тэр дундаа аймгийн хэмжээнд  тархан байршдаг нэн ховор болон ховор амьтад болох мазаалай, хавтгай, хулан, аргаль угалз, янгир ямаа, буга согоо, бор гөрөөс, хар сүүлт, цагаан зээр, цоохор ирвэс, шилүүс гэх амьтдын өлгий нутаг юм.

Зун, намартаа хур бороо багатай, өвөл их хэмжээний цас орж зудын байдалтай байгаа хүнд хэцүү цаг үед аргаль угалз, янгир ямаа, буга согоо, бор гөрөөс, хар сүүлт, цагаан зээр зэрэг туруутан амьтад өвс, тэжээлийн хомсдолд орж хорогдол ихээр гарч, тоо толгой огцом цөөрөх эрсдэлд ороод байна. Тиймээс цас зудын хүнд үед өвс, тэжээл тавьж өгөх, шаардлагатай цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авах сайн дурын ажилд олон нийтийг оролцож, хандив тусламж үзүүлэхийг ийнхүү уриалж байгаа аж.

Аян 2021 оны нэгдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 5249080931 /ХААН банк/ тоот дансанд хандивыг төвлөрүүлэх юм байна.

2020-12-21 10:56:16