• 12 сарын 27, Баасан гараг
Дөрвөн мянган төл малыг аймгийн төвд тэжээж эхэллээ
215 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 
Өвөлжилт хүндэрч байгаа ч эрсдэл багатай туулахад боломжтой бүхий л арга хэмжээг  Баянхонгор аймгийн удирдлагын зүгээс зохион байгуулан ажиллаж байна. Эдгээрийн нэг нь аймгийн төвийн төрийн байгууллагууд нөөц боломждоо тулгуурлан төл мал тэжээх арга хэмжээг эхлүүлээд байна. Оны сүүлчийн өдөр буюу 12 дугаар сарын 31-нд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын дарга Э.Энхбат, Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва нар аймгийн хэмжээнд өрнөж буй төл мал тэжээх ажлын явцтай танилцлаа.
Аймгийн төвд12-р сарын 29-31-ний хооронд нийт 4000 гаруй төл мал Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст сумдаас орж ирээд байна. Орж ирсэн төл малын хуваарилалтыг холбогдох байгууллагуудын хийж өгснөөр төр болоод бизнесийн байгууллагууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан тэжээж эхлээд байгаа юм.
Эдгээр байгууллагуудаас онцлоход 15-р цэцэрлэгийн хамт олон малын хэвтэр бууц дэвссэн гурван гэрээ хаяавчтай барьж 150 гаруй төл малыг хүлээж аваад байна. Тэд тэжээх төл малдаа зориулан бүлээн хар цай, өвс, хивэг тэжээлийг мал тэжээх онгоцтойгоо бэлтгэсэн зэргээр бэлтгэл ажлуудаа сайтар хангажээ. Бэлтгэл ажилтай аймгийн удирдлагууд танилцаж тус хамт олонд талархал илэрхийлэн амжилт хүслээ.
Энэ мэтээр аль ч байгууллага хамт олон хариуцсан ажилдаа сэтгэл мэрийлт гаргаснаар малчдынхаа нуруун дээрх ачааг бага боловч хөнгөлж, нялх төл малын олон амийг аварч урин цагтай золгож чадах юм.
Таван хошуу сүргийнхээ бог малын төл эрдэнийг тэжээж онд оруулах үйлсэд Баянхонгорчууд ийнхүү зүтгэл гарган оролцож буйд талархал илэрхийлье.

2021-01-04 08:16:04