• 01 сарын 14, Мягмар гараг
Хорин мянган толгой төл малыг суурин газарт тэжээх уриалгыг дэмжлээ
239 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Мал аж ахуйн өвөлжилт, цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, малчин түмэндээ сэтгэлийн дэм өгөх  зорилгоор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан  “Төл малыг бүх нийтээрээ тэжээе" уриалга гаргалаа. Тэрээр шинэ оны босгон дээр буюу 12 сарын 30-ны өдөр аймгийн төвийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж дээрх уриалгаа танилцуулсан юм.

Нүүдэлчдийн соёл ахуйг хадгалж яваа малчдадаа туслах, онд ороход хүндрэлтэй төл малаа гарз багатай авч үлдэх уриалгыг уулзалтад оролцогчид 100 хувь дэмжлээ.  Ингэснээр Баянхонгор аймаг 20 мянган төл малыг төв суурин газартаа тэжээхээр нэгдэв. Эдгээрийн 10 мянган төл малыг төр болон бизнесийн байгууллагууд өөрсдийн нөөцдөө тулгуурлах тэжээх бол бусад сум суурин газарт үлдсэн тал хувийг тэжээхээр төлөвлөлөө.

Төл малыг тэжээх аргачлалын талаар ХХААГ, МЭА, Мал үржлийн тасгаас шаардлагатай арга зүйгээр байгууллагуудыг ханган ажиллах юм.

Эхний байдлаар хурга, ишиг, төлөг, борлон бүхий 1400 төл малыг аймгийн төвд зөөвөрлөж авчирчээ. Тэдгээрээс Цагдаагийн газар, Нисэх, 15-р цэцэрлэг, “Их Богд зам” ХХК, “Хаш гоёо” ХХК, ХХААГ, МЭА, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс, ХХҮГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Цаг уурын газар тус бүртээ авч тэжээж эхэлсэн байна.
 
Байгууллага, ААН-үүд малчнаас нэг төл малыг 25,000- 30,000 төгрөгийн хооронд үнэлэн авах ба монгол гэрт буюу хэвтэр бууцтай, дулаан орчинд тухайн төл малыг тэжээх юм. Манай төрийн байгууллагынхны хувьд ногоон тэжээлийг төсөр аргаар тариалж сурсан бөгөөд малд өгөх шим тэжээл чанараараа өндөр учир төл мал тэжээх гол хүнсээр дээрх ногоон тэжээлийг байлгахаар ажлын хэсгээс тооцоолоод байна. Иймээс ногоон тэжээлийн тариалалт давхар явах юм.
 
Төл мал тэжээж онд оруулах ажлыг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд манай иргэд өөрсдөө сайн дураараа энэ уриалгад нэгдэн төл мал тэжээж болох юм. Тус уриалга ажилд та бүхэн нэгдэхийг хүсвэл 8911-9918, 9554-5588, 8944-7788 дугаарын утсаар холбогдож мэдээлэл аваарай.
 

2021-01-06 07:53:27