• 12 сарын 27, Баасан гараг
Шинэ Үндсэн хууль батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүллээ
94 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Маргааш  шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойн өдөр тохионо. Үүнийг угтаж  аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар тус аймагт ажиллаж амьдарч байгаа шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутат Анандын Рэгзэн, Цэндийн Очирбал нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Маргааш буюу  1 сарын 13-ны түүхэн өдөр депутат Дамдинжавын Маравын гэрт аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат биеэр очиж хүндэтгэл үзүүлэх юм.

25 жилийн өмнө Үндсэн хууль батлахад нийт 430  хүн оролцсоны 21 нь Баянхонгор  аймгаас оролцож байж. Эдүгээ  тухайн үеийн Ардын Их Хурлын депутат нараас найман хүн энх тунх аж төрж байна. 

Шинэ Үндсэн хууль нь 6 бүлэг 70 зүйлтэй. Тус хуулийн эхэд “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн Хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. ...Мэдэх тун, Сахих тун.” гэсэн байдаг юм. 

1992 онд батласан энэхүү Үндсэн хуулийг илүү сайжруулж эрх зүйт иргэн төрийн харилцааг илүү бэхжүүлэх үүднээс шинэ Үндсэн хуулиндаа Монгол Улсын Их Хурал 2019 оны 11-р сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан баталж, 2020 оны 05-р сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн билээ.

Зураг дээр зүүн гар талаас Анандын Рэгзэн, Цэндийн Очирбал нар. 2021.01.12
 
 
 
 
 
 
 
 

2021-01-12 06:40:34