• 12 сарын 27, Баасан гараг
Цагдаагийн байгууллагын ойн хүрээнд "100" тодотголтой дөрвөн ажлыг эхлүүлжээ
224 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж “100 зөв хүүхэд”, “100 төл мал”, “100 бүтээлч ажил”, “100 хувь сэтгэл ханамж” зэрэг ажлыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас эхлүүлжээ.
 
100 жил -100 зөв хүүхэд
 
Хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай 100 хүүхдийг зөв төлөвшилтэй хүн болгох, болзошгүй эрсдэлээс урьчилан сэргийлэх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч сэтгэц оношилгоо, сэргээн засах эмчилгээ болон сэтгэл зүйн сургалтыг зохион байгуулна.
 
100 жил-100 төл мал
 
Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Засаг даргын санаачилгаар албан байгууллагуудад 100 төл малыг хуваарилахад, манай хамт олон түүчээлэн малчдын гар дээрээс 100 төл малыг хүлээн авч, мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, шимтэй өвс тэжээлээр ханган буянт мал сүрэг өсөн үржих таатай нөхцөлийг бүрдүүлэн маллаж байна. Нөгөө талаас нийгмийн хариуцлагын хүрээнд малчдын хүнд хэцүү цаг үед сэтгэлийн тус, дэм болж байгаа хэрэг юм.
 
100 жил-100 бүтээлч ажил
 
Энэ арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын алба хаагчдын болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн урлаг, спортын уралдаан тэмцээн, соён гэгээрүүлэх ажил, сургалт, сурталчилгаа зэрэг бүтээлч ажлуудыг өрнүүлж ажиллана.
 
100 жил-100 %-ийн сэтгэл ханамж
 
Цагдаагийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн цагдаад итгэх итгэл, хандах хандлага, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор алба хаагчдын харилцаа хандлага, хуульч ажиллагаа, түргэн шуурхай байдалд онцгой анхаарч ажиллахаас гадна, алба хаагчдын албандаа хандах хандлага, ажлаас авах сэтгэл ханамж, урам зоригийг нэмэгдүүлэх бүхий л төрлийн арга хэмжээг үе шаттайгаар судалгаа баримтад тулгуурлан зохион байгуулахаа тус газраас иргэд, олон нийтэд мэдээлжээ.
 

2021-01-15 09:21:29