• 12 сарын 28, Бямба гараг
Боловсролын салбарынхныг бодитоор дэмжихээ илэрхийлэв
106 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(02.01)Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын дарга болон ЕБС-ийн удирдлагуудтай уулзлаа. Тэрээр боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажилд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
 
Мөн БСУГ, ЕБС-ийн удирдлага, захирлуудыг ажилдаа сэтгэлтэй, мэрийлттэй, мэдрэмжтэй хандаж, хүүхэд нэг бүртэй тулж ажиллан, олон хичээлээр дарах биш, хичээл сонголтод нь дорвитой анхаарч, эцэг эх, багш, сурагчдын дунд сайн итгэлцэл бий болгон сурагчдын суралцах чадамж, чанарт эрс дэвшил гарган ажиллахыг хүссэн юм.
 
Уулзалтаар, ЭЕШ-ын урьдчилсан бэлтгэл хангах сорил шалгалтыг зургадугаар сарын нэгэн хүртэл аймгийн хэмжээнд гурван удаа сар бүрийн эхэнд зохион байгуулах, ЭЕШ-д бэлтгэх мэргэжлийн багш нарын бүлэг байгуулах, ЭЕШ-д зориулсан шинэлэг арга аргачлал бүхий үр бүтээлтэй төлөвлөгөө боловсруулан цогц, үр дүнтэй ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр тогтов.
Аймгийн Засаг дарга хэлэхдээ, "Энэ онд боловсролын чанар, үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт гаргахын тулд багш нарт урамшуулал болгон 100 сая төгрөг олгохын зэрэгцээ 2021 онд баригдах 450 айлын орон сууцны 20 хувьд нь багш нарыг хамруулах бодлого баримтлан ажиллана" гэдгээ онцлон дурдсан. Мөн "Манай багш нар, боловсролын салбарынхан мэргэжил арга зүйдээ ихээхэн дэвшил гаргаж ширээ, самбарын араас зааж зааварлахдаа бус үр дүнг явж ажиллан гаргадаг, тулж ажиллан ахиц өөрчлөлт бий болгодог аргачлалаар хослуулан ажиллаарай" гэдгийг захисан юм.
 
Боловсролын салбарын үйл ажиллагааг шинэчлэх, чанар, чадамжид дэвшил гаргахын тулд аймаг орон нутгаас багш болон боловсролын салбарынхнаа ийнхүү бодитоор дэмжин ажиллахаар боллоо.

2021-02-03 05:17:16