• 12 сарын 28, Бямба гараг
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
282 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(02.03) Энэ сарын 3-ны өдөр УИХ-ын дарга Баянхонгор аймагт ирж, 400 гаруй тонн малын тэжээл, хүнсний бүтээгдэхүүнийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Тэрээр өмнө нь Засгийн газар, УОК, ХХААҮ-ийн яаманд хүсэлт тавьж, 480 тонн өвс, 450 тонн тэжээлийг үнэгүй буюу хөнгөлөлттэй үнээр олгосон юм.
 
Цар тахлын гамшгаас үүдэлтэй хөл хорио үргэлжилж иргэдийн ажил, бизнес , өрхийн эдийн засаг хямарч байгаа. Үүний зэрэгцээ манай аймагт зуншлага тааруу гантай байсаар залгуулан цас зудын бэрхшээлтэй нөхцөлд өвөлжиж буй. Энэ хүнд цагт Хонгор нутгаа гэсэн сэтгэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн хандивыг ачсан 16 машин бүхий цуваагаар 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 100,000 ширхэг маск, 7000 ширхэг цай, 400 гаруй тонн малын тэжээл ирсэн юм. Малчид, ахмад настнууд гээд 14 мянган өрх айлд тусламжийг хүргэнэ.
 
ЭНЭ ОНД АЙМАГТАА ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖЛУУДЫГ ЭРЭМБЭЛЭХЭД САНАЛ СОЛИЛЦЛОО
 
Коронавирусийн халдвараас үүдэлтэй гамшгийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч 2021 онд Баянхонгор аймгийн удирдлагууд томоохон 7 төслийг хэрэгжүүлж, эдийн засгаа тэлэх, иргэдийн амьдрах нөхцлийг өөрчлөн, ажил орлогыг дээшлүүлэхээр зорьж байна.
Баянхонгор аймгийн иргэдээ төлөөлөн сонгогдсон төрийн түшээ, УИХ-ын дарга Г.Занданшатарыг орон нутагт ажиллах үеэр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн удирдлагууд, уг төслүүдийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн зүгээс 2021 онд орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслүүдийн танилцуулгыг хийсэн юм.
-Аймгийн газар тариалангийн салбарыг кластераар хөгжүүлэх, малчин өрхийг тэжээлээр хангах, төв суурин газрын хүн амыг төмс хүнсний ногоогоор хангах “Ногоон шим” төсөл,
-Шаргалжуут рашааны экологийн тэнцвэрийг хангах, рашааны ашиглалтаас орон нутгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх “Шаргалжуут” төсөл,
-Дэлхийд ховор хоёр бөхтэй тэмээндээ түшиглэн ингэний сүүг боловсруулан эрүүл мэндийн ашиг шимтэй бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах “Ингэний сүү үйлдвэрлэл” төсөл,
-Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, айл өрхийг хангаснаар гаарын бохирдлыг бууруулах “Номгон илч” төсөл,
-Баянхонгор хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх 1700 айлын орон сууц бүхий хотхон байгуулах “Шинэ суурьшлын бүс” төсөл,
-Түйн голын Баянхонгор хоттой залгаа ай сав газрыг хамгаалах, иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх “Оготнотой булаг” цогцолбор зэрэг төслийг боловсруулсан ажлын хэсэг тус бүр мэдээлэл хийлээ.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар “Төсөл хариуцаж боловсруулсан ажлын хэсгийн залуустаа талархал дэвшүүлж, амжилт хүсье. Хонгор нутагтаа хийхээр төлөвлөсөн ажлуудаа аймгийн удирдлагууд анх удаа ийм шинэлэг байдлаар, тооцоо судалгаа хийж, төслөөр бэлтгэн танилцуулж, санал солилцож байна. Шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтүүдийг эргэн сайн нягталж сайжруулах, ингэний сүү боловсруулах төслөө улам нягтлах нь зүйтэй” гэх зэргээр зөвлөлдлөө. Уг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бид бүхий л боломж бололцоо хүн хүчээ, хөрөнгө санхүүгийн, эдийн засгийн ямар л боломж байна шавхан дайчлан ажиллах болно гэдгээ аймгийн удирдлагууд энэ үеэр хэлж, Орон сууцны ипотекийн зээлд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм.
 
АОК-ИЙН ШУУРХАЙ ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
 
УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн Онцгой комиссийн Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэрээ аймгийн Онцгой комисст хандивлаж буй 100 мянган ширхэг маскны дээжийг гардуулсан юм.
Тэрээр мөн Ган зудын бэрхшээлийг даван туулах, коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсдээ өндөр зохион байгуулалттай, цаг наргүй ажиллаж байгаа Баянхонгор аймгийн Онцгой комисс, хууль хүчний байгууллагын хамт олон болон төрийн албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.
 
ГИДРОПОНИК ОРЧИНД НОГООН ТЭЖЭЭЛ ТАРИАЛАХ ҮЙЛДВЭРТ ЗОЧИЛЛОО
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Гидропоник орчинд ногоон тэжээл тариалж буй үйлдвэрийн байраар зочилсон юм.
Түүнийг “Энх Монгол Зоригт” төслийн хариуцагч, агрономич З.Чулуунцэцэг угтан авч хөрсгүй технологиор ногоон тэжээл тариалах явцыг тайлбарлав.
 УИХ-ын дарга Г.Занданшатар 04-ний өдөр Өлзийт суманд ажиллана.

2021-02-05 02:39:49