• 12 сарын 28, Бямба гараг
Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын дунд цэргийн бэлтгэл сургалт эхэллээ
105 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас сумдын ЗДТГ-ын дарга нарын дунд “Цэргийн бэлтгэл” сургалтыг эхлүүллээ. Сургалт энэ сарын 22, 23-ны өдөр Баянхонгор хотноо болно. 

Нээлтэд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцож хэлсэн үгэндээ " Та бүхэн Төрийн захиргааны бодлого, хууль тогтоомжийн хүрээнд ажил үүргээ үр дүнтэй, гүйцэтгэл сайтай, уялдаа холбоотой, шинэ соргог санал санаачилгаар хийж гүйцэтгэх, сум орон нутагт байгаа гэр бүлийн хүчирхийллийг ил болгож, таслан зогсооход бүх нийтийг манлайлан оролцох, улмаар архинд хамааралтай иргэдийг архинаас гаргахад идэвхийлэн нөлөөлж ажиллах, сумын өөрийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой анхаарч, санаачилгатай ажиллах нь чухал" хэмээн үүрэг даалгавар өгөв. Цаашид энэхүү гурван чиглэлээр өгсөн  үүргийн гүйцэтгэлээр сум орон нутгийн төрийн байгууллага, түүний удирдлагуудын үйл ажиллагааг голчлон дүгнэнэ гэдгийг онцлон санууллаа.

Түүнчлэн Батлан хамгаалах яамны Эх орны төлөө – III хүндэт тэмдгээр Баян-Овоо сумын ЗДТГ-ын дарга М.Жавзансүрэн, Жинст сумын ЗДТГ-ын дарга З.Цэрэндорж, Баянбулаг сумын ЗДТГ-ын дарга Д.Цэнд-Аюуш, Заг сумын ЗДТГ-ын дарга Д.Гантуул, Баянцагаан сумын ЗДТГ-ын дарга М.Чинбат нар шагнагдсаныг аймгийн  Засаг дарга Д.Мөнхсайхан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, Бэлтгэл хурандаа Д.Жаргалсайхан нар энэ үеэр гардуулсан юм.

Хоёр өдрийн турш үргэлжлэх цэргийн бэлтгэлийн сургалтаар  Батлан хамгаалах багц хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын геополитик Аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын баримтлах асуудал, зэвсэгт хүчин, хилийн цэргийн түүхэн замнал, архив албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэчлэл зэрэг сэдвээр шинэ тутам мэдээлэл сонсож, бие бялдрын сорилт, бусад дадлага сургуулилтаар хичээллэх аж.

2021-03-22 06:38:11