• 05 сарын 20, Даваа гараг
УИХ-ын даргад орон нутагтаа хэрэгжүүлэх томоохон төслүүдээ танилцууллаа
124 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.02.04)  Баянхонгор аймгийн удирдлагууд энэ онд томоохон долоон төслийг хэрэгжүүлж, эдийн засгаа тэлэх, иргэдийн амьдрах нөхцөлийг өөрчлөн, ажил орлогыг дээшлүүлэхээр зорьж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатарыг орон нутагт ажиллах үеэр танилцуулж, санал солилцлоо.

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс, төслүүдийг хэрэгжүүлэх ажлын багийн зүгээс 2021 онд орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслүүдийн танилцуулгыг толилуулсан юм.
- Аймгийн газар тариалангийн салбарыг кластераар хөгжүүлэх, малчин өрхийг тэжээлээр хангах, төв суурин газрын хүн амыг төмс хүнсний ногоогоор хангах “Ногоон шим” төсөл,
- Шаргалжуут рашааны экологийн тэнцвэрийг хангах, рашааны ашиглалтаас орон нутгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх “Шаргалжуут” төсөл,
- Дэлхийд ховор хоёр бөхтэй тэмээндээ түшиглэн ингэний сүүг боловсруулан эрүүл мэндийн ашиг шимтэй бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах “Ингэний сүү үйлдвэрлэл” төсөл,
- Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, айл өрхийг хангаснаар гаарын бохирдлыг бууруулах “Номгон илч” төсөл,
- Баянхонгор хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх 1700 айлын орон сууц бүхий хотхон байгуулах “Шинэ суурьшлын бүс” төсөл,
- Түйн голын Баянхонгор хоттой залгаа ай сав газрыг хамгаалах, иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх “Оготнотой булаг” цогцолбор зэрэг төслийг боловсруулсан ажлын баг тус бүр мэдээлэл хийсэн.
 
Мөн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Төсөл хариуцаж боловсруулсан ажлын багийн залуустаа талархал дэвшүүлж, амжилт хүсье. Хонгор нутагтаа хийхээр төлөвлөсөн ажлуудаа аймгийн удирдлагууд анх удаа ийм шинэлэг байдлаар, тооцоо судалгаа хийж, төслөөр бэлтгэн танилцуулж, санал солилцож байна. Шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтүүдийг эргэн сайн нягталж сайжруулах, ингэний сүү боловсруулах төслөө улам нягтлах нь зүйтэй” гэв. Төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хүн хүч, хөрөнгө санхүү, эдийн засгийн ямар л боломж байна шавхан дайчлан ажиллана гэдгээ аймгийн удирдлагууд илэрхийлж байлаа.

2021-07-30 07:31:22