• 08 сарын 07, Баасан гараг
Чадавхжуулах багц сургалтад оролцогчид Татварын хэлтсийн ажлын байрны стандартыг үзэж танилцлаа
235 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, хууль эрх зүйн мэргэжилтнүүдийг чадавхжуулахаар гурван өдрийн хөтөлбөрт багц сургалтыг зохион байгуулж буй. Сургалтын эхний өдөр (2021.11.22) хөтөлбөрийн дагуу 20 сумын ЗДТГ-ын дарга, Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, 23 агентлагийн холбогдох мэргэжилтэн зэрэг төрийн захиргааны 60 гаруй албан хаагчид бүтэн өдрийн арга хэмжээнд оролцлоо. 
 
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас томилогдсон албаны төлөөлөл тус өдөр 18.00 цаг хүртэл таван сэдвээр сургалт мэдээлэл өгсөний дараа "Чадавхжуулах багц сургалт"-д хамрагдсан сумдынхан аймгийн Татварын хэлтсийн байранд очиж, стандартыг үзэж танилцсан юм. Тус байгууллага нь аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын үйл ажиллагаанд 2021 оны эхний хагас жилийн байдлаарх үйл ажиллагаанд нь хийсэн Хяналт, шинжилгээ үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан юм. Ажлын байрны нөхцөл, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал, төрийн албаны стандарт шаардлагыг бусдад үлгэр дууриал болохуйцаар хангаж, ажлын байраа тохижуулсан тухайдаа Татварын хэлтсийн дарга С.Рэнцэндагва, тасгийн дарга Д.Мөнх-Эрдэнэ нар сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, мэргэжилтнүүдэд үзүүлж тайлбарлав.
 
Энэ үеэр албан өрөөний тохижилт, хөдөө сумдын татварын байцаагчдын амрах өрөө, чөлөөт цагаа өнгөрүүлэх фитнесс төхөөрөмж болон ширээний теннис бүхий заал, хүүхэд саатуулах өрөө, авто машины гараж, байцаагчдын албан, архив бичиг хэргийн өрөө бүрээ үлгэр жишээ тохижуулахад тус хэлтсийн хамт олон өөрсдийн сэтгэлээ шингээж хандсаныг ч тодотгон хэлсэн юм. 
 
Танилцуулах үзүүлэх сургуулийн төгсгөлд тус хэлтэст зочлосон "Чадавхжуулах багц сургалт"-д оролцогчдод  татварын үйл ажиллагааны талаарх мэдээлэл агуулсан иж бүрэн самбар гардуулж ажлын амжилт хүслээ.
 

2021-11-24 02:07:01