• 08 сарын 08, Бямба гараг
УЛААН БҮСЭД ХАМГИЙН ОЛОН УДАА АЖИЛЛАСАН ҮЙЛЧЛЭГЧИЙГ НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛАВ
446 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын халдварын тохиолдол Баянхонгор аймагт анх бүртгэгдсэнээс хойших хугацаанд халдварын улаан бүсэд хамгийн олон удаа ажилласан үйлчлэгч Т.Оюунчимэгийг урамшууллаа. Түүнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэг сая төгрөг, дурсгалын зүйлийг Засаг дарга Д.Мөнхсайхан гардуулсан юм.
Халдварт сүрьеэгийн тасгийн үйлчлэгч Т.Оюунчимэг “Улаан бүс”-д 10 удаа ажиллахдаа хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухыг хангаж өрөө тасалгаанд цэвэр агаар, цэвэр орчныг бүрдүүлж цэвэрлэхээс гадна эмч сувилагч нарын ачааллаас хуваалцаж халдвар авсан хүнийг гаднаас тасагт хэвтүүлэх, эм тариа зөөвөрлөх, эргэлтийг зохицуулах, өрөө тасалгааны халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зэргээр үүргээ амжилттай биелүүлжээ.
Тэрээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт арав шахам ажиллаж байгаа бөгөөд 2021 онд ХӨСҮТ-өөс зохион байгуулсан “ Коронавируст Ковид19 халдварын үед ажиллах ариутгагч бэлтгэх” сургалтад хамрагдаж, хэвтүүлэн эмчлэх тасгийн бүтэц үйл ажиллагаа, ногоон, шар, улаан бүсэд ажиллах журам, халдварын сэргийлэлт хяналтын талаар мэдлэгээ нэмэхийн зэрэгцээ шуурхай хариу арга хэмжээний багт ажиллах ур чадварыг эзэмшсэн байна.
Халдвар хаанаас ч, хэзээ авах нөхцөл бүрдсэн эрсдэлтэй цагт үүргээ ухамсарлаж ухрах эрхгүй урагшаа зүтгэхдээ хайртай хүүхдүүдээ, халамжит ханиа, аав ээжийгээ, гэр бүлээ, үнэтэй бүхнээ орхиод бусдын эрүүл мэндийн төлөө ажилладаг эмнэлгийн ажилтнуудаа хайрлаж, урам дэм өгцгөөе!

2022-01-24 06:58:23