• 08 сарын 08, Бямба гараг
БАЯНХОНГОР АЙМАГТ ӨСВӨРИЙН “ХУРДАН 24/7” КЛУБ АЛБАН ЁСООР БАЙГУУЛАГДЛАА
310 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт инновац хийх сэтгэлгээтэй, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, өсвөр үе, залуучуудаар дамжуулан бүх нийтийн цахим ур чадварыг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн “Хурдан-24/7” клуб 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт албан ёсоор байгуулагдаж, нээлтийн арга хэмжээ амжилттай боллоо.

Тус клубийн үйл ажиллагаа нь анх 2024 онд анх 25 гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд өдгөө 200 орчим гишүүнтэй болж өргөжиж байна.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа, Баянхонгор аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн дарга Д.Амгалан, Аймгийн Засаг даргын удирдлагын багийн мэдээллийн технологи хариуцсан гишүүн Г.Ганчулуун нар оролцож, үг хэллээ.

Арга хэмжээний үеэр ”Цахим элч” сургагч багш хүүхдийн төлөөлөл, Номгон ахлах сургуулийн 11а ангийн сурагч М.Өлзийжаргал, Эрдэнэмандал сургууль 10в ангийн сурагч Д.Мөнх-Оргил клубт хамрагдаж, цахим боловсролын ач холбогдлын талаар өөрсдийн туршлага, сэтгэгдлээ хуваалцлаа.

Клубийн нээлтийн хүрээнд “Өдөр тутмын амьдрал ба цахим хэрэглээ, ур чадвар”, Мэдээллийн аюулгүй байдал ба цахим залилан, луйвар зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд сургалт, мэдээлэл хүргэв.

Мөн “Эх дэлхийгээ хайрлая” сэдэвт постерийн уралдааны шагнал гардуулахын зэрэгцээ хурдан клубийн гишүүдэд батламж гардуулав.

ХУРДАН” клубээр дамжуулан хүүхэд, залуусын цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, сайн дурын “Цахим элч” болгон хөгжүүлж, ирээдүйн мэргэжил сонголтод нь дэмжлэг үзүүлэх юм.

Түүнчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байна.

2025-05-23 00:00:00