• 12 сарын 23, Даваа гараг
УИХ-ЫН ДАРГА БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЛАА
233 ХҮН ҮЗСЭН БАЙНА

1500 ХҮҮХЭД СУРАЛЦАХ СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ БАРИХ ХӨРӨНГИЙГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ УЛАМЖЛАВ

 

Улсын Их Хурлын даргыг аймгийн төв талбайд  аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр болон бусад албанхыхан байлцаж ЗХЖШ-ын 339 дүгээр ангийн хүндэт харуулын хамтаар угтан авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “Аймгийн хэмжээнд зуншлага сайн байсан. Намар ч урт, сайхан болж байна. ХАА-н салбарын хүрээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил амжилттай хийгдэж байна. Бид аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөртөө аймаг орон нутгаа улсын шилдэг таван аймгийн нэг болгохоор тусгасан. Энэ хүрээнд иргэдээ ажилтай, орлоготой, оюуны санаа, боловсролын хувьд хөгжүүлэх чиглэлийг гол болгоод зогсохгүй аймгийн эдийн засгийн гол хөшүүрэг болсон ХАА-н салбарт томоохон шинэчлэлт өөрчлөлтийг хийхээр төлөвлөөд ажил эхнээсээ хийгдэж байна. Хөдөлмөрч, хамт олонч сэтгэлгээтэй, хөгжлийн төлөө, нэг нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлээр ажиллах нь чухал учраас хүн бүр дор бүрнээ тавьсан зорилгынхоо төлөө тууштай ажиллаж байна. Энд манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд маань тал бүрээр дэмжиж хамтран ажиллаж байгаа нь талархууштай” гэдгийг УИХ-ын даргад уламжлав.

УИХ-ын дарга болон дагалдан яваа баг бүрэлдэхүүнийг аймгийн удирдлагууд Номундалай цогцолборын үйл ажиллагаатай танилцуулав. Баянхонгор аймгийн хамгийн ууган сургууль өнөөдрийн байдлаар 2400 гаруй сурагч, 105 багш, 50 гаруй ажилтан, ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Тус сургуулийн нийт багш нарын 84 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 30 гаруй хувь нь магистр, магистрантур аж. Боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын төлөвлөгөө уян хатан болсон байна. Тиймээс ахлах ангийн сурагчдад хичээл сонголтын хувьд олон бүлэгтэй,  суралцагч олонтой, шилдэг арга зүйтэй багш нартай, сургалтын техник хэрэгсэл сайтай байхад анхааран ажиллажээ. Сурагч нэг бүрийн өөрийн сонголтоор анги бүлгийн зохион байгуулалт хийгдэж байгаа учир сүүлийн гурван жилийн хугацаанд суралцагчийн тоо 160-200-аар нэмэгджээ. барилгыг шинэчлэх шаардлагын талаар танилцуулж, 2017 оны улсын төсөвт 1500 хүүхэд суралцах шинэ сургууль, сурагчдын дотуур байрны зураг төслийг хийж, барих хөрөнийг шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжлав.  

 

НООС, НООЛУУР, УЛААН БУУДАЙГ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН ГЭЖ ҮЗНЭ

 

Үдээс хойш УИХ-ын дарга, дагалдан яваа баг бүрэлдэхүүний хамтаар Баянхонгор аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, шинэ тутам байгуулагдсан УИХ-ын үйл ажиллагаа, батлан гаргасан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр хэлсэн үгэндээ, “Надтай хамт өнөөдөр Хонгор нутагт хүрэлцэн ирсэн хүмүүс бол та бүхний итгэл, дэмжлэгийг хүлээж төрд түмнээ төлөөлж буй төрийн түшээд юм. Аливаа улс орон, аймаг, орон нутгийн хэмжээний шийдвэрийг гаргаж, тэрхүү шийдвэрийг ажил болгоход багийн үйл ажиллагаа чухал байдаг. Би Хонгор нутгийнхаа иргэдэд МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж гурвууланг нь төрд илгээсэн явдалд чин сэтгэлээсээ талархаж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Энэхүү баг Хонгор нутгийн хөгжлийн төлөө энэ дөрвөн жилд ихийг хийж, төлөрх нутгаа баруун бүсийн хөгжлийн тулгуур бүс болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Гагцхүү дээрээс гарсан бодлого, тогтоол шийдвэр анхан шатны нэгж дээрээ анхны санаа, анхны төлөвлөснөөрөө гуйвахгүй бат хэрэгжих нь чухал. Тиймээс удахгүй болох сум, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд өмнө хийсэн сонголтоо та бүхэн бататгахыг хүсье” гэв.

Цааш нь тэрээр Монгол Улсын нийгэм эдийн засгийн бодит төлөв байдлын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, 2017 онд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өнөөдөр 0.1-0.6 хувийн өсөлттэй гарч байгааг Олон улсын болон банк санхүүгийн байгууллагууд хэлж, дүгнэлт хийж байна. Энэ ч утгаараа Монгол Улс өнөөдөр эдийн засаг, нийгмийнхээ асуудалд онцгой анхаарах цаг болсон гэдгийг бидэнд сануулсаар байна. Бодитоор нүүрлэсэн эдийн засгийн энэ байдлийг ямар нэг улс төржилтгүйгээр бодит үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. 2016 оны төсвийг батлахдаа ДНБ-ы 3.4 хувьтэй тэнцэх хэмжээнээс хэтрүүлэхгүй гэж байсан бол одоогийн байдлаар энэ тоо 18.2 хувьтай болсон байна. Төсвийн алдагдал цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Гадаадаас авсан өр зээлийн хэмжээ зохистой хэмжээнээс хэтрээд байна. 2016 оны төсөвт ДНБ-ы 55 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн босгыг тогтоож өгсөн байсан бол энэ тоо 88 хувьтай тэнцсэн байдалтай байна. Төсөв санхүүгийн энэ хүнд байдлаас хэрхэн гарах вэ гэдэг төлөвлөгөөг бид боловсруулж удахгүй УИХ-аар хэлэлцэнэ.

"Энэ удаагийн УИХ эмхлэн байгуулагдаад гурван сарын нүүрийг үзээд байна. Өнгөрсөн хугацаанд ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан бол Засгийн газар эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөгөө УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.

 

ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА Ч БАЯНХОНГОРТ 100 ААН-ийг АШИГЛАЛТАД ОРУУЛНА

 

Иргэд УИХ-ын дарга болон дагалдан ирсэн баг бүрэлдэхүүнээс иргэдийн амьдралд бодитой бэрхшээл учруулж байгаа тодорхой асуудлаар асуулт асууж хариулт авлаа.

Тухайлбал, мал аж ахуйн ХАА-н салбарыг хөгжүүлэх чиглэлд Засгийн газраас онцгой анхаарч, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийг тогтвортой өсгөх, гадагш экспортлоход анхаарч байгаа аж. Энэ нь Баянхонгор аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилттой нэг байгаа нь аймаг орон нутаг хөгжихөд нэг талын дэмжлэг болно гэж харж байгаа аж. Тодруулж хэлбэл ноос, ноолуур, улаан буудайг стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж үзэж, 54 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхэхээр төлөвлөж байна. Уг ажлын хүрээнд ч ирэх онд Баянхонгор аймаг зөвхөн газар тариалангийн салбарт гэхэд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулахаар төлөвлөсөн аж.

Нэгэнт улс орны эдийн засаг уналтын байдалтай, төсөв алдагдалд орсон учраас эдийн засагт голлох нөлөөтэй уул уурхайн салбарыг эргэлтэд оруулахад анхаарах аж.

Үүний томоохон илрэл бол Таван толгойн ордыг ойрын хугацаанд хөдөлгөх том нүүдлийг УИХ, Засгийн газраас хийхээр төлөвлөжээ. Баянхонгор аймгийн хувьд орд түшиглэсэн үйлдвэрийн хот байгуулах орд одоогоор илрээгүй бөгөөд тэрхүү боломжийг судлах үүднээс геологийн хайгуулыг хийж байгаа аж. Мөн Баянхонгор аймагт газрын тосны хайгуул хийгдэж байна. Гурван аймгийн нутаг дамжсан том талбай  байгаа бөгөөд Баянхонгорт 300-400 метрийн гүнтэй хоёр цооног өрөмдсөн. Энэ цоонгийн судалгааны ажил явагдаж байгаа талаар Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн уулзалтын үеэр хэлж байв.

Ажлын байрны хомсдол дан ганц Баянхонгор аймаг төдийгүй улсын хэмжээнд толгойны өвчин болоод байгаа. Тэгвэл Засгийн газраас Баянхонгор аймагт 100 үйлдвэр, үйлчилгээний ААН-ийг бий болгохоор төлөвлөжээ. УИХ, Засгийн газрын энэ шийдвэртэй уялдан Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатар үйлдвэр, үйлчилгээний “Ажилласаг” төвийг ирэх онд ашиглалтад оруулахаар болсон. Тус төв ашиглалтад орсноор жижиг, дунд үйлдвэрийг бойжуулах, мэргэжил эзэмшүүлэх, ажилд зуучлах зэрэг аймаг орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргааг дэмжсэн олон талт үйл ажиллагааг явуулж эхлэх аж.

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр олон асуулт гарч байв. Тухайлбал, төрийн үйлчилгээний албан хаагч багш, эмч нарыг тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ологохоо больсон тухай мэдээлэл иргэдийг бухимдуулаад байсан. Тэгвэл энэ мөнгө өмнө олгогдож байсан журмынхаа дагуу ирэх оны эхнээс олгогдох тухай салбарын сайд нь онцолж байв.

Нөгөө талаар иргэд оюутны сургалтын төлбөрийг шийдэхийн тулд боловсролын  зээлийг олгохоор болж байна. Өнгөрөгч есдүгээр сарын 9-ний өдөр батлагдсан төсвийн тодотголоор 90 тэрбум төгрөгийг баталсан. Энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл зээл хэлбэрээр оюутнуудад олгогдоод явах аж. 2017 онд 101 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгаж, УИХ-д өргөн барьсан байна. Ингэснээр сурч байх хугацаандаа сургалтын төлбөрийн зээлээ аваад, төсгч ажилд гарахаараа цалингаараа зээлээ төлөөд явах юм.

Мөн Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх тал дээр тус салбарын сайд А.Цогцэцэг онцгойлон анхаарахаа илэрхийллээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг аймагт үргэлжүүлж, энэ ондоо багтааж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн амьсгалах аппарат, хүүхдийн дулаацуулах ширээ, зөөврийн рентиген аппаратыг өгөхөө амлав. Цаашид Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран эрүүл мэндийн үзлэг, онологоонд нэн шаардлагатай томографик, эмрай зэрэг нарийн шинжилгээ хийх хүчин чадалтай тоног төхөөрөмжийг Олон улсын байгууллагатай хамтран авч, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхээ УИХ, Засгийн газрын гишүүд илэрхийллээ.

Үүгээр УИХ-ын даргын Баянхонгор аймагт хийсэн орон нутгийн томилолт үр дүнтэй болж өндөрлөлөө гэж Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

2016-10-05 09:15:47