• 11 сарын 21, Пүрэв гараг
Засаг даргын мэндчилгээ
2625 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 МЭНДЧИЛГЭЭ

Говь хангайн цэнхэр орон  хэмээн алдаршсан гурван бүсийн нутагтай Баянхонгорчууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж айл бүрт аз жаргал, хүн бүрт эрүүл энх байж, олз омог, амжилт бүтээлээр дүүрэн байхын  ерөөл дэвшүүлэн  мэндчилж байна.

Миний бие аймгийн  Засаг даргын хүндтэй бөгөөд хариуцлагатай энэ албанд томилогдоод удаагүй ч ган зуд, цар тахал гэсэн  хоёр  гамшигтай нүүр тулж, та бид хамтдаа нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Баянхонгор аймаг маань өнөөдөр хөгжлийн ямар түвшинд байна,  бусад аймагтай харьцуулвал хаана нь  явна,  Бид цаашдаа хэрхэн хөгжих ёстой вэ?  Юунд анхаарах вэ? гэдгээ хамтдаа бодож, шийдэл гаргах тийм цаг үед тулж  иржээ. Аймаг орны хөгжлийг хэмждэг үзүүлэлтүүд, олон улсын арга аргачлал, статистикийн мэдээлэл, эдийн засгийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр бусад аймгуудтай харьцуулахад Баянхонгорчууд бид малын тоо, дэд бүтэц, бүтээн байгуулалт, бизнесийн овсгоо самбаа зэрэг үзүүлэлтүүдээр дээгүүрт орж байна.

Гэвч, Цар тахлын улмаас Монголчууд бид төдийгүй Дэлхий даяараа цаашдаа урьд өмнөхөөс өөрөөр ажиллаж амьдрахаас өөр сонголтгүй болоод байна. Манай Баянхонгорчуудын сүүлийн 30 жилийн замнал, түүхийг харвал цаашдаа ингэж явж болохгүй гэдэг нь тодорхой байна. Тиймээс ирэх жилүүдэд дараах хэдэн асуудалд анхаарлаа түлхүү  хандуулна. Үүнд:

Улс төржсөн, хэт намчирхсан, талцсан байдлаа зогсооё.  Иргэдэд талцал хуваагдал, хэрүүл тэмцэл биш, ажлын байр, эдийн засгийн бодит өсөлт, бидний хамтын ажиллагаа л чухал байна.


Төрийн албаа цэгцэлж, чадавхижуулъя. Төрийн албаны шинэчлэлийг хийж, сахилга батыг чангаруулж, авилгал, ашиг сонирхолыг арилгахаас өөр  гарцгүй нь  тодорхой болоод байна.

Ажлын байрыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллая. Манай аймагт хэдхэн том компани, дийлэнх нь жижиг дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байна. Энэ компаниудтай хамтарч ажиллая.

Хот тохижилтыг үйлдвэрлэл болгоё. Ажлын байр нэмэгдүүлэх замаар  нийгмийн бусад асуудлаа шийднэ.

Төсөв харж, тендер царайчилсан байдлаас бид гарах ёстой. Тиймээс аймаг, сум гэлтгүй хүн бүр, дор бүрнээ хичээн ажиллах хэрэгтэй байна. Аймгийн өөрийн орлогыг нэмэгдүүлнэ. Улсын төсвөөс бид маш их татаас авч байна. Зүй нь  аймаг өөрөө орлого олдог, өөрийгөө санхүүжүүлдэг болох ёстой.

2021 он гараад Баянхонгор аймгийн хөгжлийн зөвлөгөөнөө хийнэ. Бидний хөгжлийн тэргүүлэх салбарууд Хөдөө аж ахуй,  Аялал жуулчлал, Уул уурхай, Байгаль орчны салбар байх болно.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлээ хөгжүүлье. Ган зудын нөлөөллөөс  хөдөө аж ахуйн салбарт хүндрэл үүсээд  байна. Тиймээс малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, өвс тэжээлээр хангах гээд багагүй ажлыг өрнүүлж байна. Цаашдаа бэлчээрийн даац хэд дахин хэтэрч, дэлхийн дулаарал, цөлжилт нэмэгдэж байгаад малчид, та бид дүгнэлт хийж хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт баримтлах бодлогоо өөрчлөх болно.

Иргэдээ соён гэгээрүүлье. Архины улмаас олон сайхан залуус амь нас, амьдралаа алддаг учраас “Жаргалтай амьдрал” төвийг байгуулсан. Иргэдээ, хүнээ хөгжүүлж байж л улс хөгждөг. Тиймээс иргэдийнхээ хандлагыг өөрчлөхөд  хүчээ нэгтгэж, хамтарч ажиллая.

Баянхонгорын бахархал, үнэт зүйлээ түгээн дэлгэрүүлж, иргэдээ соён гэгээрүүлнэ. Эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, нийгмийн идэвхтэй, хүнлэг, гэр бүлдээ ээлтэй Монгол хүнийг төлөвшүүлнэ. Дундаж давхарыг нэмэгдүүлнэ. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Засаглалын үр ашгийг дээшлүүлнэ.  Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангана. Иргэдийн аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

Баянхонгор аймгаа хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө төсөв санхүүгийн боломждоо тулгуурлан, шинэ арга барилаар боловсруулж хэрэгжүүлэх болно.

Төрөлх аймаг маань хөгжин дэвжиж, ард иргэдийн минь амьдрал дэвжин дээшлэхийн өлзий дэмбэрэлтэй  ерөөл  дэвшүүлж байна. Хүн бүхэнд ямар нэг боломж бий.  Таны боломж бидний бодлого  байх болно.

Баянхонгор аймгийн Засаг дарга

ДОЛГОРСҮРЭНГИЙН МӨНХСАЙХАН
 
                                                                                                                                                                                                     

2022-01-03 08:55:12