• 10 сарын 12, Бямба гараг
БОЛОВСРОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
537 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ТЭДГЭЭРИЙН АНГИЛАЛ

20 дугаар зүйл.Зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, түүнд тавих шаардлага

20.1.Энэ хуулийн 19.1-д заасан этгээд зөвшөөрөл авахдаа Зөвшөөрлийн тухай хуульд заасан болон дараах баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд цахимаар ирүүлнэ:

20.1.1.боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай хүсэлт, шийдвэр, дүрэм, үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн гэрээ, танилцуулга;

20.1.2.сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, багшлах хүний нөөц, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа, баримт бичгийн хуулбар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа;

20.1.3.стандарт, техникийн зохицуулалтад заасан шаардлага хангасан хичээлийн байр, номын сан, лаборатори, дадлагын газар, тоног төхөөрөмж, биеийн тамирын заал, талбай, хоол үйлдвэрлэлийн байр, ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, тэдгээрийн баталгаа, зураг, дадлагын газар, сургалтын орчин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалт;

20.1.4.санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, тооцоо, түүний баталгаа, нэг суралцагчид ногдох зардал, мэргэжлийн өртгийн тооцоолол;

20.1.5.боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх мөнгөн болон бусад хөрөнгийн жагсаалт, хэмжээ, баталгаа, эзэмшил газрын зөвшөөрөл;

20.1.6.шашны сургалт, зан үйл, түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахгүй талаарх баталгаа;

20.1.7.ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэхийг батламжилсан баримт бичиг, сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын байгууллагад нийт багшийн 90-ээс доошгүй хувьд мэргэжлийн үндсэн багш ажиллуулахыг нотолсон баримт бичиг, мэргэжлийн, техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагад нийт багшийн 80-аас доошгүй хувьд мэргэжлийн үндсэн багш ажиллуулахыг нотолсон баримт бичиг;

20.1.8.цэрэг, цагдаа, төмөр замын мэргэжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх, шинэ мэргэжлээр сургалт эрхлэх тохиолдолд холбогдох төрийн захиргааны төв байгууллагын санал;

20.1.9.боловсролын сургалтын байгууллагад гадаадын харьяат багш, удирдах ажилтан ажиллах тохиолдолд багшийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, ял шийтгэл хүлээж байсан эсэх талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

20.1.10.татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх зөвшөөрөлтэй тохиолдолд түүний хуулбар.

20.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхээ Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлд заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлж болно.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан эрх хүлээн авагч Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гарган эрх шилжүүлсэн байгууллагад тайлагнана.

20.4.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.9-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргана.

20.5.Мэргэжлийн, техникийн, дээд боловсролын шинэ мэргэжлийн, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх зөвшөөрлийн хүсэлт гаргахад Зөвшөөрлийн тухай хуульд заасан баримт бичиг болон энэ хуулийн 20.1.3, 20.1.4, 20.1.5, 20.1.6, 20.1.7, 20.1.8, 20.1.9-д заасан баримт бичиг, шинээр эрхлэх үйл ажиллагааны танилцуулга, тооцоог сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд цахимаар ирүүлнэ.

20.6.Энэ хуулийн 19.1-д заасан этгээд хуульд заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийн хамт үнэн зөв бүрдүүлэн эрх бүхий байгууллагад ирүүлнэ.

20.7.Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой шинэ мэргэжлээр сургалт эрхлэх хүсэлтийг шийдвэрлэхэд энэ хуулийн 20.5-д заасан хугацаа хамаарахгүй.

2023-12-18 00:00:00