• 10 сарын 12, Бямба гараг
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ ЖУРАМ
620 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр                                                                                                         Төрийн ордон, Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ТЭДГЭЭРИЙН АНГИЛАЛ

17 дугаар зүйл.Боловсролын байгууллага

17.1.Боловсролын байгууллага нь боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн, үнэлгээний, чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн, боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвөөс бүрдэнэ.

17.2.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бодлогын суурь, хавсарга судалгаа, шинжилгээ, инновац, арга зүйн болон сургалт эрхлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

17.3.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагыг Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасны дагуу байгуулна.

17.4.Энэ хуулийн 17.2-т заасан байгууллага нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын арга зүй, үнэлгээ, сурах бичгийн тохирц, нийцлийг шалган турших түшиц цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай байж болно.

17.5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага энэ хуулийн 17.4-т заасан түшиц цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг сонгон туршилт зохион байгуулж болно.

17.6.Насан туршийн суралцахуйн төв нь иргэний албан, албан бус сургалтаар боловсрол эзэмших, бие даан суралцахад мэдээллээр ханган, зөвлөн туслах, удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Насан туршийн суралцахуйн төв нь боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяанд байна.

17.7.Насан туршийн суралцахуйн төв нь бичиг үсгийн болон ерөнхий боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтыг төлбөргүй зохион байгуулна.

17.8.Энэ хуулийн 17.6-д заасан төв нь танхимын сургалтад хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн цогц үйлчилгээг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлж болно.

17.9.Боловсролын, эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэмжих төв ажиллуулж болно.

17.10.Энэ хуулийн 17.9-д заасан дэмжих төвийн үйл ажиллагааны зардлыг боловсролын, эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран санхүүжүүлнэ.

17.11.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бүх түвшний үнэлгээ, элсэлтийн шалгалт зохион байгуулах, хүний мэдлэг, чадвар, чадамжийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, үнэлгээний хөгжлийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

17.12.Энэ хуулийн 17.11-д заасан үнэлгээ, элсэлтийн шалгалтын журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17.13.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага нь боловсролын сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн чанарыг эрх бүхий байгууллагын баталсан стандарт, шаардлагын дагуу магадлан итгэмжлэх, чанарын баталгаажуулалтыг удирдлага, арга зүйгээр хангах, мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг эрхлэн хариуцах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

17.14.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага нь магадлан итгэмжлэл хийх эрхийг дотоодын байгууллагад олгох, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.9-д заасны дагуу гадаадын хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох, гадаад улсын болон олон улсын эрх бүхий байгууллагатай хамтран магадлан итгэмжлэл хийх, олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг баталгаажуулах, бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

17.15.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд боловсролын зэрэг, баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх судалгаа, үнэлгээ хийх, баталгаажуулах сантай байна.

18 дугаар зүйл.Боловсролын сургалтын байгууллага

18.1.Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль байна.

18.2.Боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус, эсхүл ашгийн төлөө байж болно.

18.3.Ашгийн төлөө, ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.5-д заасан үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно.

18.4.Боловсролын сургалтын байгууллага төрийн, орон нутгийн, хувийн болон холимог өмчийн хэлбэртэй байна.

18.5.Боловсролын сургалтын байгууллага өөрийн үндсэн чиг үүрэгт нийцсэн сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрлэл явуулах орчин нөхцөлийг бүрдүүлсэн бүтэцтэй байна.

18.6.Боловсролын сургалтын байгууллага шашны сургалт, шашны зан үйл, холбогдох бусад үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.

18.7.Энэ хуулийн 18.6 дахь хэсэг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасан шашны сургуульд хамаарахгүй.

18.8.Боловсролын цахим сургалтын байгууллагыг энэ хуульд заасан шаардлагын дагуу байгуулж болно.

18.9.Гадаад улсын болон олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг ерөнхий боловсролын сургууль нь хөтөлбөр хэрэгжилтийн явц, үр дүнгийн мэдээллийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн бус өмчийн сургалтын байгууллагыг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид тайлагнана.

19 дүгээр зүйл.Зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

19.1.Боловсролын сургалтын байгууллагыг энэ хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан этгээд байгуулж болно.

19.2.Боловсролын сургалт эрхлэх үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд олгоно.

19.3.Орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

19.4.Зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгоно.

19.5.Гадаад улсад Монгол Улсын үндэсний сургалтын хөтөлбөрөөр боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх асуудлыг тухайн улсын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

20 дугаар зүйл.Зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, түүнд тавих шаардлага

20.1.Энэ хуулийн 19.1-д заасан этгээд зөвшөөрөл авахдаа Зөвшөөрлийн тухай хуульд заасан болон дараах баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд цахимаар ирүүлнэ:

20.1.1.боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай хүсэлт, шийдвэр, дүрэм, үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн гэрээ, танилцуулга;

20.1.2.сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, багшлах хүний нөөц, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа, баримт бичгийн хуулбар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа;

20.1.3.стандарт, техникийн зохицуулалтад заасан шаардлага хангасан хичээлийн байр, номын сан, лаборатори, дадлагын газар, тоног төхөөрөмж, биеийн тамирын заал, талбай, хоол үйлдвэрлэлийн байр, ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, тэдгээрийн баталгаа, зураг, дадлагын газар, сургалтын орчин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалт;

20.1.4.санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, тооцоо, түүний баталгаа, нэг суралцагчид ногдох зардал, мэргэжлийн өртгийн тооцоолол;

20.1.5.боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх мөнгөн болон бусад хөрөнгийн жагсаалт, хэмжээ, баталгаа, эзэмшил газрын зөвшөөрөл;

20.1.6.шашны сургалт, зан үйл, түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахгүй талаарх баталгаа;

20.1.7.ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэхийг батламжилсан баримт бичиг, сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын байгууллагад нийт багшийн 90-ээс доошгүй хувьд мэргэжлийн үндсэн багш ажиллуулахыг нотолсон баримт бичиг, мэргэжлийн, техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагад нийт багшийн 80-аас доошгүй хувьд мэргэжлийн үндсэн багш ажиллуулахыг нотолсон баримт бичиг;

20.1.8.цэрэг, цагдаа, төмөр замын мэргэжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх, шинэ мэргэжлээр сургалт эрхлэх тохиолдолд холбогдох төрийн захиргааны төв байгууллагын санал;

20.1.9.боловсролын сургалтын байгууллагад гадаадын харьяат багш, удирдах ажилтан ажиллах тохиолдолд багшийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, ял шийтгэл хүлээж байсан эсэх талаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

20.1.10.татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх зөвшөөрөлтэй тохиолдолд түүний хуулбар.

20.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхээ Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлд заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлж болно.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан эрх хүлээн авагч Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гарган эрх шилжүүлсэн байгууллагад тайлагнана.

20.4.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.9-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргана.

20.5.Мэргэжлийн, техникийн, дээд боловсролын шинэ мэргэжлийн, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх зөвшөөрлийн хүсэлт гаргахад Зөвшөөрлийн тухай хуульд заасан баримт бичиг болон энэ хуулийн 20.1.3, 20.1.4, 20.1.5, 20.1.6, 20.1.7, 20.1.8, 20.1.9-д заасан баримт бичиг, шинээр эрхлэх үйл ажиллагааны танилцуулга, тооцоог сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд цахимаар ирүүлнэ.

20.6.Энэ хуулийн 19.1-д заасан этгээд хуульд заасан нөхцөл, шаардлага хангасныг нотолсон баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийн хамт үнэн зөв бүрдүүлэн эрх бүхий байгууллагад ирүүлнэ.

20.7.Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой шинэ мэргэжлээр сургалт эрхлэх хүсэлтийг шийдвэрлэхэд энэ хуулийн 20.5-д заасан хугацаа хамаарахгүй.

21 дүгээр зүйл.Зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах

21.1.Сургуулийн өмнөх, мэргэжлийн, техникийн, дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанаас доошгүй байна. Ерөнхий боловсролын сургууль байгуулах зөвшөөрлийн хугацаа 12 жил байна.

21.2.Зөвшөөрлийн хугацааг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу сунгана.

21.3.Энэ хуулийн 20.1.10-т заасан татвар, нийгмийн даатгалын өр төлбөртэй тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана.

22 дугаар зүйл.Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах

22.1.Боловсролын сургалтын байгууллагыг дараах тохиолдолд татан буулгана:

22.1.1.үүсгэн байгуулагчийн шийдвэрээр;

22.1.2.зөвшөөрлийг хүчингүй болгосон;

22.1.3.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;

22.1.4.нийт суралцагчийг боловсролын сургалтын өөр байгууллагад шилжүүлсэн;

22.1.5.хуульд заасан бусад.

22.2.Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгахтай холбогдох эд хөрөнгийн харилцааг Иргэний хуульд заасны дагуу зохицуулна.

22.3.Татан буугдсан боловсролын сургалтын байгууллага нь сургалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдох баримт бичгийг орон нутгийн болон үндэсний төв архивт хүлээлгэн өгнө.

22.4.Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах шийдвэрийг тухайн хичээлийн жилтэй уялдуулж суралцагчийн сурах эрхийг хөндөхгүйгээр эрх бүхий этгээд шийдвэрлэнэ.

 

 

2023-12-18 10:45:00