• 12 сарын 23, Даваа гараг
Засаг дарга сэтгүүлчидтэй уулзлаа
188 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж ярилцлаа. Тус уулзалт ярилцлагад дурдагдсан гол сэдвүүдийн хүрээнд Засаг даргын өгсөн хариултыг та бүхэнд хүргэж байна.

 

 

АЖЛАА АВСАНААС ХОЙШ ИРГЭДТЭЙГЭЭ ХЭР ОЙР АЖИЛЛАЖ БАЙНА?

Нийтдээ 400 гаруй иргэнтэй уулзаад байна. Өдөрт багадаа 10 хүнтэй, иргэд хүлээж авах пүрэв гаригт 40-50 хүнтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэж байна. Иргэдийн голлон тавьж буй асуудал нь ажлын байр, дэмжлэг туслалцаа.

 

ТА БОЛОВСОН ХҮЧНИЙ АСУУДАЛД ЯМАР БОДЛОГО БАРЬЖ БАЙГАА ВЭ?

Яалалт байгуулсан нам өөрийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд удирдах албан тушаалд өөрийн баг бүрэлдэхүүнээ байршуулах нь зүй ёсны асуудал. Удирдах албан тушаалтнуудын оронд тавигдаж байгаа хүмүүсийн хувьд тухайн албан тушаалд хэн сайн ажиллах вэ,  хэн илүү туршлагатай, төрийн төлөө зүтгэлтэй, ажлаа хэн сайн гүйцэтгэж чадах вэ гэдэг шалгуур тавьж томилж байгаа. Харин төрийн гүйцэтгэх албан тушаалтай, жирийн ажилтан, алба хаагчдыг халж солих нь буруу. Хэрэв ингээд эхэлбэл төрд олон жил ажилласан дадлага туршлагатай ажилтнууд маань байхгүй болж, төр өөрөө чадавхгүй болж хувирна.

БҮХ СУМДДАА ХҮРЧ АЖИЛЛАЖ АМЖСАН УУ?

Тийм. 19 суманд хүрч ажиллалаа.  Хөдөө орон нутгийн иргэддээ Засгийн газрын үйл ажиллагаа, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг танилцуулж тэдний өмнө тулгамдаад буй бэрхшээл, нөхцөл байдлын талаар газар дээр ажиллаж, сонслоо.

 

УТААНЫ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ. ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖИЛ ЯМАР ШАТАНДАА ЯВЖ БАЙНА?

Би ажил авсанаасаа хойш Эрчим хүчний яамтай хоёр удаагийн уулзалтаар Дулааны цахилгаан станцыг барьж байгуулах чиглэлд санал солилцон ажиллаж байна. Бид эхний ээлжинд дулааны цахилгаан станцынхаа бодит хүчин чадал ямар байх вэ, ирээдүйн хүчин чадал ямар хэмжээнд байх вэ гэдэг тооцоо судалгааг  тодорхой болгох шаардлагатай.

Саяхан аймгийн Ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх хүрээнд 2020 он гэхэд манай аймгийн дулааны нийт хэрэглээ 70 мегаватт болно гэсэн тооцоог гаргаж, танилцууллаа. Үнэхээр тийм бол цаашид цахилгаан станцаа өргөтгөөд явах уу, үгүй юу гэдэг асуудал гарч байна. Тийм учраас бид дулааны цахилгаан станцынхаа судалгаа тооцоог дахиж нягтлах хэрэг гарч байгаа. Өөрөөр хэлбэл  дулааны цахилгаан станцыг барьж байгуулахад яарахгүй. Үнэхээр 35 мегаватт хүчин чадалтайгаар станцаа барьж, цаашид хэрэгцээндээ тулгуурлан өргөтгөөд явах боломжтой гэсэн дүгнэлт гарвал бид станц барих ажлыг ирэх жилээс эхлүүлнэ.

 

УЛГАЛЗ-ДӨРӨВДҮГЭЭР БАГТ ДУЛААН ХАЛААГУУРЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 1100 АЙЛ ӨРХИЙГ ХАМРУУЛНА ГЭЖ ЯРИГДАЖ БАЙСАН Ч ЗОГССОН БАЙНА. ЭНД ЯМАР ШАЛТГААН БАЙГАА ВЭ?

БОАЖЯ-наас хөрөнгийн эх үүсвэрийг гаргасан, Цэвэр агаар сангаас 230 сая төгрөгөөр дөрөвдүгээр багийг утаагүй бүс болгохоор сонгож, сонгон шалгаруулалтад Тотком сервис гэдэг компани шалгарсан юм билээ. Эхний ээлжинд 740 гаруй халаалтын цахилгаан хэрэгслийн тендр зарлагдаж гэрээ байгуулагдчихсан. Үүний дараа үлдсэн мөнгөн дээр нь 500 орчим халаагуур нийлүүлэх тендрийн  гэрээ байгуулахаар над дээр санал орж ирсэн. Би судалж үзээд энэ ажлыг зогсоосон.

Нийт дүнгээр нь бодож үзвэл манай аймагт, тухайлбал дөрөвдүгээр багт 1400 орчим ширхэг халаагуур нийлүүлэгдэнэ. Нэг ширхэгийн үнэ 300 мянган төгрөг. Үүний 50 хувийг улсаас, 50 хувийг иргэд хариуцна. Гэтэл иргэд өөрийн 50 хувийн мөнгө болох 150 мянган төгрөгийг төлөх бололцоо хүндрэлтэй байгаа юм. Нөгөө талаар 1300 ширхэг халаагуур ороод ирэхэд манай аймгийн эрчим хүчний нийт хэрэглээг 2.6 мегаваттаар өсгөнө. Аймгийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 12.6 мегаватт, өвлийн эд ачааллаар 9 мегаваттын ачаалал авдаг. Энэ халаагуурыг нэмчихвэл байгаа хүчин чадлаа бүрэн ашиглаад яаралтай өргөтгөл хийх шаардлага гарч ирнэ. Нэгэнт ачаалал нэмэгдэж байгаа учраас айл өрхүүд рүү явж байгаа шугам сүлжээ, дамжуулах станцыг солих шаардлагатай болж байгаа юм. Гэтэл энэ ажлууд хийгдээгүй. Тиймээс үүнийг зогсоосон.

 

АЙМАГ ТӨСВӨӨ ТОДОТГОСОН. ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАХДАА ЮУГ АНХААРСАН БЭ?

Нэгдүгээрт, төсвийн байгууллагуудын тэвчиж болох зардлаас хассан. 

Улс орон нутгийн хөгжлийн санд тодотгол хийж тус сангаас  944.1 тэрбум төгрөг хасчихсан. 4.7 тэрбум төгрөг болж буурсан. Эндээс үүдэж орж ирнэ гэж төлөвлөж хийж гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтыг ААН, компаниуд авч чадахгүй нөхцөл байдалд хүргэж байгаа учраас бид ямар ч байсан 770 гаруй сая төгрөгөөр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлсэн. Ингэхдээ шаламтай холбоотой борлуулалтаас орж ирж байгаа орлогоос 400 орчим сая, урьд онуудад жижиг, дунд үйлдвэрлэлд зээлээр олгосон мөнгөний эргэн төлөлтөөс 215 сая төгрөг оруулж байна. Дээр нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудаас 125 сая төгрөгийн дэмжлэг авч дээрх санд төвлөрүүлсэн. Энэ мөнгөнөөс өмнө үүсээд байсан 300 сая төгрөгийн өрийг дарлаа. Үлдсэн 400 гаруй сая төгрөгөөс өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр 100 сая төгрөгийг тодотголоо. Хүн амьдрахад бэрх болсон таван байрны орцыг сонгож нийтдээ 45 сая төгрөгийн хөрөнгө суулгаж засварлуулахаар боллоо. Төрийн албан хаагчдын зургаан давхар 45 дугаар байр гэж бий. Дээврээсээ ус гоождог, доор нь бохир нь хальчихсан байсан учраас оршин суугчдынх нь хүсэлтээр 65 сая төгрөгийн засвар үйлчилгээг үзүүлэхээр боллоо. Багуудын эмч нар иргэддээ хүрч үйлчлэх боломжгүй болсон байна. Морь тэмээгээр явж байгаа учраас нэн шаардлагатай байгаа хоёр багийн эмчийн унааг шийдэхэд 18 сая төгрөг шийдвэрлэлээ.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ХУРАЛДААНААС ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ХУВЬЦААТ КОМПАНИЙН СТАТУСТАЙ БОЛГОЛОО. ЭНДЭЭС ЯМАР ДАВУУ ТАЛ БИЙ БОЛНО ГЭЖ ХАРЖ БАЙГАА ЮМ БЭ?

Орон нутаг өөрийн гэсэн өмчийг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй гурван компани бий. Баянхонгор-Эрчим хүч, Чандмань Баянхонгор, хуучнаар хог тээвэр буюу Цэвэр хот компаниуд юм. Эдгээр компаниуд өргөтгөл, шинэчлэл хийхэд, хэрэглэгчдийг дулаан, цахилгаанаар хангах зэргээр төсвөөс хөрөнгө татах замаар орон нутгийн төсөвт хүндрэл учруулаад байгаа юм. Тиймээс эдгээр газруудыг компанын мөн чанар руу шилжүүлж хувьцаат компани болгох зорилгыг тавьсан. Ингэхдээ аймаг орон нутаг тухайн компанийн гол ач холбогдол бүхий гол хэсгээ төрийн мэдэлд авч үлдэнэ. Үлдсэн хэсгээ ажиллагсадад нь хувьцаа хэлбэрээр эзэмшүүлье. Тодорхой хувьцааг нь зах зээлд гаргая. Ингэсэн тохиололд ашиг олно гэж тооцсон. Тухайлбал, Эрчим хүч-Баянхонгор компани хамгийн багадаа нэг тэрбум төгрөгийн хувьцаа борлуулсанаар төсөвт орлого оруулахын зэрэгцээ энэ төвлөрсөн хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явна гэж харж байна.

 

БАЯНХОНГОР ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИЙН ТУХАЙД ТА ЮУ ХЭЛЭХ ВЭ?

Олон жилийн турш аймаг орон нутаг ИТХ бодлогоо гаргадаг, гаргасан бодлогыг төр өөрөө хэрэгжүүлээд явж ирлээ. Гэтэл аймгийн ЗДТГ 41 хүний орон тоотой буюу төрд бүх ажлыг гүйцэтгэх хүчин чадал алга. Ялангуяа эдийн засаг, үйлдвэрэлийн салбарыг хөгжүүлнэ гэж аймаг зорилт тавьчихаад байхад энэ том салбарыг хариуцсан хоёр хүн л байна. Тиймээс аймгийн бодлогыг хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хадгалах бүтцийг Баянхонгор хөжглийн корпораци гэж нэрлээд байгуулж байна. Төрийн байгууллагын, аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй. Дээрээс нь хараат бус буюу Улаанбаатар хот дахь аймгийн нутгийн зөвлөлөөс төлөөлөлтэй байхаар төлөвлөсөн.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ХУРАЛДААНААС БАЯНХОНГОР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨӨГ ДАХИН САЙЖРУУЛАХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЭЭ БУЦААСАН. ТАНЫ БАЙР СУУРЬ?

Хот төлөвлөлтийн асуудлыг шинжлэх ухааны үүднээс боловсруулж, гаргасан нь маш зүйтэй алхам.  Энэ тал дээр манай өмнөх ИТХ санаачилгатай ажилласан.  2014 оны Орон нутгийн хөгжлийн сангаас 200 сая төгрөг тусгуулж энэ ажил эхэлсэн. Явцын дунд БХБЯ-аас 770 сая төгрөг нэмсэн. Гүйцэтгэгч компанитай 937 сая төгрөгөөр гэрээ хийсэн юм билээ. Уг төлөвлөгөө гурван жил гаран үргэлжилж саяхан аймгийн ИТХ-аар хэлэлцэгдлээ. Гэсэн ч төлөөлөгчдийн сэтгэлд хүрсэнгүй. Үерийн хамгаалалтын далан, чимээгүй хот, утааг хэрхэн шийдвэрлэх, цэвэр бохир усны нэгдсэн системийг хэрхэн шийдэх зэрэг асуудлууд тусгагдаагүй учраас хойшлуулсан. Ямар ч байсан бид шахаж, дутуу зүйлсийг нарийн тусгуулж энэ төлөвлөгөөг хүлээгээд авчихвал 2033 онд аймгаа ийм болгож хөгжүүлнэ гэсэн төсөөлөлтэй болж, бодлого ч уялдуулаад явах боломж бүрдэнэ.

 

 

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХЭРХЭН ТОГТВОРТОЙ, АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?

Монгол Улс 2000 оны дунд үеэс хойш жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт анхаарал хандуулах болсон. Гэвч энэ чиглэлээр ажиллаж буй иргэдийн дийлэнх нь нэгээс хоёр жилийн дотор зогсонги байдалд орж дампуурч байна. Тиймээс цаашид тухайн бүс нутагт нэг нэгнээ татаж унагахааргүй, өрсөлдөөнгүйгээр зах зээлээ өргөжүүлж, тэлээд явах харилцан адилгүй үйлдвэрлэлийг бий болгоно. Нэгэнт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээлийг хамгаална. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас орж ирвэл бид орон нутгийн зах зээл ашигласны төлбөр авдаг тогтолцоог бий болгоно.

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХЭРХЭН АНХААРАХААР ТӨЛӨВЛӨСӨН БЭ?

Аялал жуулчлал бол утаагүй үйлдвэрлэл. Манай аймагт аялал жуулчлалын салбарыг хариуцсан ганцхан мэргэжилтэн байна. Нэг хүнээр салбарын бодлогоо тодорхойлж харах  нь учир дутагдалтай. Цаашид аялал жуулчлалыг хариуцсан бүтцийг бий болгох хэрэгтэй. Энэ асуудлыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн. Аймаг арван жилийн дараа 40 мянган жуулчид хүлээж авдаг болох зорилт тавьсан. Энэ дөрвөн жилд  арван мянган жуулчин хүлээж авдаг болохоор зорьж байгаа юм.

 

УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮДТЭЙГЭЭ ХЭР ГАР НИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА?

Ажилггүй иргэдээ хэрхэн ажилтай болгох вэ,  ингэхийн тулд, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүдийн зүгээс хэрхэн хамтрах вэ гэдэг дээр байнга санал солилцож, хамтран ажиллаж байна. Хамгийн гол нь Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, гадаад улсуудын Элчин сайдын яамдуудтай холбож өгөх замаар хандивлагч орнуудаас хөрөнгө босгоход туслаж өгөхийг хүч байна.

 

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭД ЯМАР АЖИЛ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН БЭ?

Олондоо хүндлэгдсэн, ажилдаа хариуцлагатай сайн эмч нар олон бий. Харин хариуцлага алдаж, өргөсөн тангарагаасаа няцаж буй хэсэг ч байгаа. Тиймээс энэ ялгааг гаргаж, сайныг нь сайшааж, мууг нь хариуцлага хүлээлгэж, дүн тавиулах хэрэгтэй.  Үйлчилгээ авсан иргэд өөрсдөө тухайн эмчдээ дүн тавьдаг болох юм. Ийм үнэлгээг хийдэг автомат төхөөрөмжийг нэвтрүүлнэ. Цаашид хөтөч эмчийг эмнэлгүүдэд ажиллуулах шаардлагатай. Хөтөч эмч тухайн өвчтөнийг чиглүүлж эмнэлгийн үйлчилгээг төвөггүй авдаг байхад анхаарч ажиллах юм.

 

МАЛЧДЫНХАА АСУУДАЛД ХЭРХЭН АНХААРАХ ВЭ?

Иргэдийг илгээлтийн эздээр гаргаж, залуу мачдын суурийг бэлтгэе гэж зорьж байна. Ингэхдээ малжуулах сангаар дамжуулан хөдөө явж буй иргэдээ тодорхой тооны мал сүрэгтэй болгох юм. Тав буюу түүнээс дээш үеийн удам залгаж буй малчдаа алдаршуулая гэж төлөвлөсөн. Мал сүргийн үржил шимийг нэмэгдүүлэхийн тулд "Төрийн торгон сүрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Малын гаралтай түүхий эд, тэр дундаа цагаан идээний зах зээл дээрх үнэлгээг нэмэгдүүлэхийн тулд савалгааны тоног төхөөрөмжөөр хангана.

ГАЗАР ТАРИАЛАНД ЯАЖ АНХААРАХ ВЭ?

Газар тариалангийн хувьд ч дэвшил гаргана. Өнөөдөр Ховдоос орж байгаа төмс манайхаас хямд байгаа. Цаад шалтгаан нь Ховдод бүх тариалалт, ургац хураалтын үйл ажиллагаа механикжсан. Харин манайхны үйл ажиллагаа гараар хийгдэж байна. Нэгж талбайд  зарцуулж байгаа хөдөлмөрийн хэмжээ ийм ялгаатай байгаа учраас үнийн хувьд зөрүү гарч, тухайн салбар цааш хөгжихгүй байгаа юм. Тиймээс аймгийнхаа газар тариаланчдыг тодорхой бодлогын хүрээнд техник төхөөрөмжөөр хангана.

 

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЯМАР БОДЛОГО БАРЬЖ БАЙНА?

Багш нарын чанарыг сайжруулна. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэгчлэн сайн багшаас сайн шавь төрнө. Сүүлийн гурван жил авьяастай хүүхдүүд өөрийгөө хөгжүүлээд явчихна гэж явснаас болж өнөөдөр хүүхдүүд ямар мэдлэг олж авч байна, ямар чадварт суралцаж байна гэдэг дээр үнэлгээ тавихаа байсан. Хүүхдээ үнэлж чадахгүй байгаа учраас багшийн үнэлгээг мөн гаргах боломжгүй байгаа юм.

 

УУЛ УУРХАЙ ДЭЭР ТАНЫ БАРИМТЛАХ БАЙХ СУУРЬ ЮУ ВЭ?

Өнгөрсөн дөрвөн жилд манай аймагт уул уурхайн бодлогоо явуулахдаа мөнгө өгсөн нь ажилла гэсэн зарчим барьчихсан байна. Хандив өгсөн нь болдог болчихсон. Аймгийн эрх бүхий МХГ, БОАЖГ очоод лац тавингуут маргааш нь аваад хаячихдаг болсон. Үндсэндээ эвдэрсэн нэртэй газар бүрт хэн дуртай нь ажиллаж байгаа юм. Нэгэнт хандив өгчихсөн болохоор  сум орон нутагтайгаа байгуулсан гэрээнийхээ дагуу ажиллаад дуусга, дуусгахдаа нөхөн сэргээлтийг 100 хувь хийж дуусга гэдэг шаардлага тавьсан. Хэрэв чадахгүй бол дараагийн арга хэмжээг авч, нөхөн төлбөр хийлгүүлнэ гэсэн чиглэлийг өгсөн.

Цаашид нөхөн сэргээлтийг 100 хувь хийлгэх үүднээс уул уурхайн компаниудад ашигтай талбайд ашиггүй талбайг дагалдуулж өгөх замаар техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийлгэнэ.

ЖАРГАЛАНТ, БАЯН-ӨНДӨР СУМДАД ТАНЫГ УУРХАЙТАЙ ГЭСЭН ЯРИА ГАРЧ БАЙНА. ЭНД ТА ХАРИУЛТ ӨГӨХ ҮҮ?

Би нутгийн иргэдэд өөрийн биеэр ийм асуудал огт байхгүй гэдгийг хэлсэн. Сонгуультай холбоотойгоор намынх нь чухал албан тушаал хашиж буй хүний нэр хүндийг унагах замаар ялалт байгуулна гэж тооцсон өрсөлдөгч нам, улс төрийн хүчний хийж буй гүжир гүтгэлэг гэж харж байгаа.  Цаашид ийм яриа, гүтгэлэгийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн зөвийг тогтоолгох болно.

 

2016-10-14 15:16:54