• 12 сарын 23, Даваа гараг
“Нарны дуулал” улсын уралдаан болно
298 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тус ойг тэмдэглэхээр болсон. Ойн хүрээнд хийгдэх ажлын талаар санаачилагч Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Батбаяр, БСУГ-ын дарга Д.Байгалмаа, Хүүхдийн Тэмүжин театрын дарга Б.Ганчимэг нар  өнөөдөр/2016.10.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ сарын 22-24-нд Г.Бирваагийн нэрэмжит зохиолын дууны шилдэг дуучин шалгаруулах “Нарны дуулал” улсын уралдааныг  төрөлх нутаг Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна. Тус уралдаан мэргэжлийн дуучид, ардын авьяастнууд, хүүхэд гэсэн ангиллаар болох юм.  Уралдааны зорилго Г.Бирваа агсны мэндэлсний 100 жилийн тэгш ойг төрөлх нутагт нь ёслон тэмдэглэж, алдрыг нь мөнхжүүлэх, бүтээл туурвилыг нь олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх, шинэ залуу авьяастныг тодруулах, тэдгээрийн ур чадварыг хөгжүүлэх, ахмад үеийн шилдэг уламжлалаас өвлөн суралцахад улс, бүс нутгийн уран бүтээлч, авьяастнуудын оролцоог өргөжүүлэхэд чиглэгджээ. “Нарны дуулал”-ын шилдгүүд уралдааны маргааш буюу 25-нд гала тоглолтыг аймгийн иргэд, хөдөлмөрчдөд толилуулахаар болжээ.

 

Хурлын үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “Би аймгийн Засаг даргын ажлыг авсаныхаа дараа хамгийн эхний захирамжаа Г.Бирваа агсны мэндэлсэний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр гаргасан. Энэ нь өөрөө бидний дундаас төрөн гарсан бахархан дууриах, дурсаж мөнхлөх ёстой хүмүүсээ залуу хойч үедээ таниулах, бүтээл туурвилыг нь алдаршуулах олон талын ач холбогдолтой. Бид ойн арга хэмжээн хүрээнд зохион байгуулахаар болсон “Нарны дуулал” уралдаанд улсдаа үнэлэгдсэн олон арван дуучид ирж оролцоно. Бид уг уралдаанд оролцож амжилт үзүүлсэн орон нутгийн дуучидтайгаа бодлогын хэмжээнд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Ойн арга хэмжээнд салбарын яам, мэргэжлийн байгууллагууд болон аймаг орон нутгийн зүгээс өндөр ач холбогдол өгч байгаа” гэв.

 

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд нийтдээ 50 гаруй сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна.  Ойд зориулсан хүндэтгэлийн концерт УДБЭТ-ын тайзнаа болсон. Тэгвэл энэ сарын 24-нд Баянхонгор хотноо зочин уран бүтээлчдийн тоглолт мөн болох аж. Энэхүү тоглолтод Ардын жүжигчин Д.Самбуу, Х.Уртнасан, П.Хаянхярваа, Ардын уран зохиолч Т.Галсан, урлаг судлаач С.Юндэнбат, төгөлдөр хуурч Энхтуул нарын хүмүүс оролцож,  Г.Бирваа агсанд хүндэтгэл үзүүлэхээр болжээ.  

 

Төрийн шагналт, УГЗ Г.Бирваа нь “Гоёхон чимэг ч юмуу даа”, “Дээшээ, дээшээ”, “Намрын шөнө” зэрэг хүүхдийн болон нийтийн дуу, “Нийслэл хүү”, “Хөдөөгийн баясгалан”, “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг киноны хөгжмийг бичсэн байдаг. Ойн хүрээнд Г.Бирваа агсны хөгжмийг нь бичсэн эдгээр киног МҮОНТВ болон орон нутгийн сувгуудаар хүлээн авч үзэх боломжтой аж. Кино өдрүүд 23-25-ны хооронд болно.  Тиймээс зохион байгуулагчид Г.Бирваа агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээнд иргэд хөдөлмөрчдийг идэвхтэй оролцож, урлагын сор бүтээлүүдтэй танилцахыг уриаллаа.

 

Баянхонгор аймгаас төрөн гарсан олон арван суут авьяастнууд бий. Тиймээс цаашид аймгийн БСУГ-аас эдгээр авьяастнуудаа алдаршуулж, олон нийтэд амьдрал, уран бүтээлийг нь таниулахад анхаарч ажиллах аж. 

2016-10-20 09:19:10